Үхлийн зурвас буюу цуст занганд орсон Газын оршин суугчид 
2023-10-16

Газын зурвасын оршин суугчид бөмбөгдөлтөн дунд амьдраад ес хоног өнгөрч байна. Энэ зурваст байх цорын ганц цахилгаан эрчим хүчний станц ням гарагт зогсож, гагцхүү үүсгүүрүүд үлдсэн ч эдгээрийг ажиллуулах түлшний нөөц дуусаж байгаа аж. Хоолгүй, усгүй, эм тариагүй үлдсэн Газын зурвасыхан Израилын бүрэн бүслэлт, тасралтгүй үргэлжлэх бөмбөгдөлтөөс зугтаж, Газын зурвасаас явахыг хичээсээр хэд хоног өнгөрчээ. Газ хотын хэд хэдэн хороолол газрын хөрснөөс арчигдсан байна. 

 

Ердөө арваадхан хоногийн өмнө Газын хамгийн тав тухтай дүүрэг байсан Рамаль бөмбөгдөлтийн улмаас үнсэн товрого болон хувирчээ. Израилын арми энд ХАМАС-ын дайчид байгаа гэж үзсэний улмаас ийнхүү бөмбөгдсөн нь энэ. МИР24 сувгийн тоймчийн бичсэнээр, энд бүх зүйл Израилын агаарын цохилт, артиллерийн бай болсон аж. 

 

“Нуранган дор гурав хонож байгаа хүмүүс ч бий. Байр нь нурсны улмаас нуранган дор хэвтэж буй амьд болон үхсэн хүмүүс ч бий. Эдгээр хүмүүс нь ХАМАс-ын дайчид биш. Тэд энгийн иргэдийн байшин барилгыг бөмбөгдөж байна” хэмээн Газын зурвасын сэтгүүлч Тарек Альян МИР24 сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 


Баасан гарагт Израилын командлал иргэдийг Газын зурвасыг орхиход ердөө 24 цагийн хугацаа өгч байв. Тэнгис, Египет, Израилын хооронд хавчигдсан нутагт  хоёр сая гаруй хүн амьдардаг, тайван цагт ч өөр тийш явахад хүндрэлтэй байдаг энэ газраас дайны үед оршин суугчид нүүх ямар ч бололцоогүй болжээ. 

 

Одоо цорын ганц явах газар нь өмнөд зүгт, Египетийг зорих зам хэдий ч Израилын арми байнга буудаж, иргэдийг аюулгүй нүүхэд саад болж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. 


Нүүлгэн шилжүүлэх тухай тушаал нь дайн явуулах журам, наад захын хүмүүнлэгийн журмыг зөрчиж байгааг НҮБ анхааруулсны дараа Израилын арми хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд дахин зургаан цагийн хугацаа өгч, үүний дараа дүрвэгчдийн цуваанд цохилт өгчээ. 

 

Ням гарагийн өглөө Израилын арми Газын дахин хэд хэдэн хорооллыг бөмбөгджээ. Энэ удаад цохилтод дүрвэгчдийн хуаран оногдож, 50 гаруй хүн амиа алдсан байна. Нийтдээ, энэ сөргөлдөөн эхэлснээс хойш, Газын зурваст 2 400 хүн амиа алдсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 


Энэ бүс нутаг хүмүүнлэгийн сүйрлийн ирмэг дээр ирсэн аж. Израил Газын зурвасыг бүрэн бүслэж, эм тариа ч оруулахгүй, усан хангамжийг хаасан тул хүмүүс тариалангийн талбай услах зорилгоор нөөцөлсөн усаар амь аргацааж байгаа гэнэ. 

 

ЦАХАЛ долоо хоногийн өмнөөс л зарласан хуурай замын цэргийн ажиллагаагаа хойшлуулжээ. Ийн хойшлуулсан шалтгааныг цаг агаарын байдлаас үүдэлтэй гэж албан ёсоор тайлбарласан юм. Гэхдээ Газын хойд хэсгээс эмнэлгүүдийг нүүлгэн шилжүүлж чадахгүй байгаагийн улмаас хуурай замын ажиллагааг хойшлуулсан байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. 


Газын зурвасын эмнэлгүүдийн тухайд нөхцөл байдал нэн хүнд байгаа бөгөөд өдөр бүр шархадсан хүмүүс нэмэгдэж, тэднийг хонгилд шалан дээр хэвтүүлэн эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бол эмнэлэгийг цахилгаанаар хангах үүсгүүрийн түлш хэзээ мөдгүй дуусах дөхжээ. 

 

“Эмнэлэгт цахилгаан тасарлаа л бол таван минутын дараа л сүйрэл болно. Уушгины хиймэл уушгины хиймэл амьсгалын аппаратаар амьд байгаа хүмүүс цахилгаан тасармагц үхэх нь гарцаагүй”  гэж “Аш-Шифа” эмнэлгийн тасгийн эрхлэгч Насер Бюльбюль өгүүлжээ. 


Израил хэрцгийллийн хариуд хэрцгийлэл гэсэн зарчмаар хөдлөж байгааг ажиглагчид онцолж байна. Аравдугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэлийн зэвсэгт дайчид Израилын нутаг руу халдаж, дэлхийн хамгийн хүчирхэг армиудын нэгийг сандаргасан юм. Энэ халдлагын улмаас 1500 гаруй хүн амиа алдсан. Үүний зэрэгцээ ХАМАС-ын олзонд 120 хүн байгаагийн дотор гадаадын иргэд ч багтаж байгаа аж. Барьцааны хүмүүсийн 20 гаруй нь агаарын цохилтын улмаас амиа алдсан гэж Палестины хөдөлгөөн мэдэгдэж байлаа. Израил барьцааны хүмүүс амиа алдах эрсдэлтэй ч агаарын цохилтоо зогсоохгүй гэж мэдэгдэж байсан бол үүний араас олзны хүмүүсийг суллах хүртэл Газын зурваст ус, түлш, цахилгаан өгөхгүй гэж мэдэгдэн, зурвасыг бүхэлд нь бүсэлсэн юм. 


Үүний зэрэгцээ Израилын арми Газын зурваст фосфор бөмбөг ашигласан гэх мэдээлэл гасрч байна. Амьтай бүхнийг шатаадаг энэ бөмбөгийг ЦАХАЛ ашигласан гэж Америкийн Human Rights Warch  хүний эрхийн байгууллагын гишүүд мэдэгдсэн байна. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-16