Исламын ХАМАС бүлэглэлийн дайчид халдсаны хариуд авсан Израилын арга хэмжээ “өөрсдийгөө хамгаалах цар хүрээнээс хальсан” гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархантай утсаар хэлэлцэх үеэрээ мэдэгджээ.
Израил олон улсын нийгэмлэг болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгыг дагаж, Газын зурвасын оршин суугчдыг “бөөнөөр нь шийтгэх”-ээ зогсоох ёстой гэж онцолсон байна.
“Хүний мөс чанартай эрс зөрчилдөж, олон улсын эрхзүйн үндсэн дүрмүүдийг зөрчиж байгаа тул энгийн иргэдэд хор хохирол учруулж буй бүхий л үйлдлийг БНХАУ эсэргүүцэж, шүүмжилж байна” хэмээн Ван И цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Израил болон ХАМАС-т хандаж, зэвсэгт сөргөлдөөнийг цаашид хурцдуулах аливаа үйлдэл хийхгүй байж, аль болох хурдан хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан байна.
Мөн БНХАУ гал зогсоох, дайныг дуусгахад дэмжлэг болох үүднээс бүхий л талтай холбоотой байгаа гэж Ван И мэдэгджээ.
Түүнчлэн Ойрх Дорнодод энх тайвныг тогтоох хамгийн үр дүнтэй шийдвэр нь Израилтай зэрэгцүүлэн хараат бус Палестины төрт улсыг байгуулах явдал гэж Ван И мэдэгдсэн байна.
Түүний үзэж байгаагаар энэ хувилбарыг “энх тайван, шударга ёсыг эрхэмлэгч” бүхий л орнууд дэмжих ёстой гэнэ.
“Палестины эсрэг түүхэн шударга бус байдал хагас зуун жил гаруй үргэлжиллээ. Цаашид энэ бөайдал үргэлжилж болохгүй” гэж Ван И цохон тэмдэглэжээ.
Ван И сайдын энэхүү мэдэгдэл нь Израил, ХАМАС-ын хоорондын сөргөлдөөн эхэлснээс хойш Хятадын зүгээс хийж буй хамгийн эрс шийдэмгий албан мэдэгдэл болж байгаа юм.
Энэ сарын долооны өдөр Израилын эсрэг халдлага үйлдсэн ХАМАС бүлэглэлийн довтолгооны хариуд Израил “Төмөр илд” нэртэй алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа эхлүүлж, улс орондоо дайны байдал зарласан. Израилд ХАМАС бүлэглэлийн довтолгооны улмаас 1400 гаруй хүн амиа алдсан бөгөөд үүний хариуд Израил Газ хотыг эзлэж, ХАМАС-ыг бүрэн устгах зорилт тавьсан юм.
ХАМАС-ыг устгахын тулд ЦАХАЛ (shuud.mn: Израилын арми) хуурай замын ажиллагааг Газын зурваст эхлүүлэхээр болсон ч цаг агаар таагүй байгаагийн улмаас хэд хоног хойшлуулахаар болсон мэдээлэл ням гарагт гарчээ.
Ийнхүү ажиллагаа эхлүүлэхээс өмнө Газын зурвасыг бүрэн бүслэлтэд оруулна гэж Израилын тал мэдэгдэж байлаа. Энэ сарын есний өдөр Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант ХАМАС барьцааны хүмүүсийг суллахгүй бол Газын зурваст “цахилгаан, ус, түлш алиныг нь ч өгөхгүй” хэмээн мэдэгдэж байв. Улмаар 10 дугаар сарын 11-ний өдөр Газын зурваст байх цорын ганц цахилгаан станц зогсож, түүнчлэн ус нийлүүлэлтийг зогсоожээ.
Газын зурваст нөхцөл байдал нэн хүндэрсэн бөгөөд Израил тасралтгүй бөмбөгдсөний улмаас энэ нутгийн гол эмнэлгүүд бүгд сүйрсэн талаар Палестины Эрүүл мэндийн сайд Мей аль-Кайла ням гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн оршин суугчдын 70 хувь нь эмнэлгийн тусламж авах боломжгүй болж, харин эмнэлгүүдийн цахилгаан үүсгүүр ажиллуулах түлшний нөөц ердөө хоёр хоногт хүрэлцэхүйц л үлджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |