Өнгөрсөн бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израилын өмнө зүгт нэвтэрч, хүчтэй цохилт өгснөөр ХАМАС, Израилын хооронд дайн дэгдсэн юм. Израилын арми ХАМАС-ын дайралтын хариуд Газын зурваст цохилт өгч, энэ бүсийг эрчим хүч, түлш, усны хангамжаас тасалж, бүслэлтэд оруулаад байгаа. Энэ нь ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг суллах зорилготой аж.
Тодруулбал, ХАМАС олзны хүмүүсийг бүгдийг суллахаас нааш Газын зурвас руу цахилгаан эрчим хүч, ус, түлш нийлүүлэхгүй гэж Израилын Эрчим хүчний яам мэдэгджээ. "Израилын иргэд олзноос суллагдаж гэртээ харих хүртэл цахилгаан эрчим хүч өгөхгүй, усны нэг ч цорго ажиллахгүй, нэг ч сав түлш өгөхгүй" хэмээн Израилын Эрчим хүчний сайд Исраэль Кац мэдэгдсэн байна.
ХАМАС бүлэглэлийн олзонд Израилын 150 орчим хүн байгаа гэсэн мэдээлэл бий. Тэднээс хоёр хүүхэдтэй нэг эмэгтэйг ХАМАС сулласан гэх мэдээллийг Аль-Жазира дамжуулж байв. Израилын тал энэ үйл явдлыг албан ёсоор батлаагүй, түүнчлэн сөргөлдөгч талуудын хооронд олзны хүмүүсийг суллах хэлэлцээ эхлээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |