Өнгөрсөн бямба гарагт буюу 10 дугаар сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израил руу нэвтэрч, гэнэтийн цохилт өгөн, 1200 гаруй хүний аминд хүрсний зэрэгцээ 100 гаруй хүнийг барьцаалсан юм. ХАМАС-ын үйлдлийн хариуд Израил Газын зурваст цохилт өгч эхэлсний дараа энэ бүлэглэл ЦАХАЛ (Израилын арми) цохилтоо үргэлжлүүлэх юм бол барьцааны хүмүүсийг хөнөөж, энэ үйлдлээ бичлэгэр баримтжуулан цацна гэж сүрдүүлж байв.
Хэдийгээр барьцааны хүмүүс амиа алдах эрсдэлтэй ч Газын зурваст өгөх цохилтоо зогсоохгүй гэж Израил мэдэгдсэн. Мөн хоёр талын хооронд барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээ эхлээгүй байгаа бөгөөд барьцаалагдсан хүмүүсийн хувь заяа хэрхэн эргэх нь тодорхойгүй байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Газын зурваст Израилын 150 орчим олзны хүн байгаа аж. Тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд ч байгаа гэнэ.
Хэн ч буулт хийх бодолгүй...
Олзны хүмүүсийг суллах талаарх хэлэлцээрийг Катар, Египет, Турк зэрэг орнууд ХАМАС бүлэглэлтэй хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Туркийн тухайд, тус улсын Ерөнхийлөгч Засгийн газартаа ийм үүрэг өгсөн бөгөөд хэлэлцээ хийх явцыг эхлүүлсэн гэж Туркийн хэвлэлүүд лхагва гарагт мэдээлж байв.
Хэлэлцээ хийх үеэр санал тавих олон хувилбар яригдаж байгаа юм. Эдгээрийн нэг нь, Израилын эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Израилын шоронд хоригдож буй 36 палестин эмэгтэй болон хүүхдээр солилцох санал аж.
Гэхдээ энэ удаад нөхцөл байдал нэн хүнд байгааг Израилын Райхманы их сургуулийн Улс төр, стратегийн хүрээлэнгийн ахлах шинжээч Михаэль Мильштейн онцолж байна.
Шинжээчийн үзэж байгаагаар, өмнө нь Израилын хувьд олзны хүмүүсийг суллах нь нэн тэргүүний зорилт байсан бол энэ удаагийн дайнаар ХАМАС бүлэглэлийг нэг мөр устгах нь гол зорилго болоод байгаа аж.
Сүүлийн 50 жилийн хугацаанд гарсан хамгийн том дайралтын улмаас Израил улсдаа дайны байдал зарлаж, олон мянган цэргийг дайчлан ХАМАС бүлэглэлийг нэг мөр газрын хөрснөөс арчихаар хичээж байгаа бол ХАМАС ч бууж өгөлгүй, Израилд их хэмжээний хохирол учруулахаар довтолсоор байна. Ердөө ганц, хоёрхон өдрийн дотор ХАМАС-ын дайчид Израилын өмнөд хэсэг рүү нэвтэрч, 1200 гаруй хүний амийг хөнөөсөнд израилчууд төдийгүй дэлхий нийт цочирдож байгаа юм.
Улмаар үүний хариуд Израилын арми бямба гарагаас эхлэн Газын зурваст 2000 гаруй удаа агаарын цохилт өгч, 1000 гаруй хүн амиа алдсан. Газын зурвас бүрэн бүслэлтэд орж, дүрвэж амжаагүй хүмүүс гэрэл цахилгаан, ус, хүнс, түлш, эм бэлдмэлгүй болсон юм.
Үүний дараа ХАМАС бүлэглэл ЦАХАЛ-ыг Газын зурваст сануулгагүйгээр цохилт өгч, энгийн иргэд амиа алдвал олзны хүмүүсийг нэг нэгээр нь хөнөөнө хэмээн сүрдүүлсэн. Энэ сүрдүүлгийг ЦАХАЛ үл хайхран, цохилтоо үргэлжлүүлж байгаа, харин ХАМАС-ын талаас олзны хүмүүсийг хөнөөсөн гэх мэдээлэл азаар гараагүй байгаа юм.
Бэрх шийдвэр
Шинжээчдийн үзэж байгаагаар, олзны хүмүүсийг суллах эрсдэлтэй алхам хийж эхлэх эсвэл ХАМАС агаарын цохилтын улмаас хүч мөхөстөж, ямар нэг хэлэлцээ хийхээр буулт хийхийг хүлээх гэсэн бэрх сонголтын өмнө Израил зогсож байгаа аж.
Үүний зэрэгцээ, ЦАХАЛ Газын зурваст цохилт өгч байгаа нь барьцааны хүмүүсийн хувьд ихээхэн эрсдэл дагуулж байгаа юм. Хэдийгээр барьцааны хүмүүсийг газар доорх хонгил, бункерт хорьж байгаа гэж таамаглаж байгаа ч тэд газар доор байгаа гэдэг нь бөмбөгдөлтөөс бүрэн хамгаална гэсэн үг биш гэдгийг шинжээчид онцолж байна.
Түүнчлэн, Израил олзны хүмүүсийг аврах ажиллагаа эхлүүлж, тэднийг суллахад ойрхон байгаа гэдгийг ХАМАС мэдмэгцээ олзны хүмүүсийг хөнөөх магадлал өндөр аж. Израилын тухайд олзны хүмүүсийг суллах тал дээр ихээхэн туршлагатай гэж олон улсад үнэлдэг. Израилын зэвсэгт хүчин олзны хүмүүсийг суллах ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, цэргийн алба хаагчдыг ийм ажиллагаанд нарийвчлан бэлддэг аж.
Энэ улсад "Сайерет Маткаль" гэх нууц хэлтсийг 1957 онд байгуулсан, энэ нь Британийн тусгай албаныхан болох SAS, Америкийн Дельта тусгайгийнхантай ихээхэн адилхан гэнэ. "Сайерет Маткаль" байгууллагын талаар олон улс 1976 оноос эхлэн мэдэх болсон юм. Тухайн үед алан хядагчдад барьцаалагдаж, Угандагийн нисэх буудал дээр газардсан Тель-Авив-Парис чиглэлийн нислэгийн зорчигчдыг энэ тусгай албаныхан суллаж байв. Барьцааны хүмүүсийн ихэнх нь израилчууд байжээ.
Алан хядагчдад барьцаалагдсан онгоцны зорчигчдыг суллах тусгай ажиллагааг Израилын өнөөгийн Ерөнхий сайдын ах Йонатан Нетаньяху удирдаж байсан бөгөөд энэ ажиллагааны үеэр ганцхан хүн амиа алдсан нь Йоанатан байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |