НАСА-ын сансрын нисэгчдийн хувцсыг Prada бүтээнэ
2023-10-12

Италийн Prada загварын ордон АНУ-ын сансрын нисэгчдийн хувцсыг бүтээхээр болжээ. Prada  НАСА агентлагийн Artemis III сар руу аялах нислэгт гарах сансрын нисэгчдийн хувцсыг бүтээхэд Axiom Space-тэй хамтран ажиллахаар болсон талаар Report мэдээлсэн байна. 

 

2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Artemis III төслийн хүрээнд АНУ сансрын нисэгчдээ саран дээр буулгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 1972 онд Аполло-17 хөлөг саран дээр бууснаас хойших анхны, мөн эмэгтэй сансрын нисэгч саран дээр буух анхны нислэг болох юм.

 

Axiom Spacе компанийн захирал Майкл Суффрединигийн мэдэгдсэнээр түүхий эд, үйлдвэрлэлийн технологи болон загварын шинэлэг үзэл баримтлалын салбар дахь Prada-ийн туршлага нь сарны гадаргуу дээр буух сансрын нисэгчдийн хувцасыг тав тухтай болгох тал дээр том дэмжлэг үзүүлэх гэнэ. Энэ төслийн хугацаанд Prada-ийн инженерүүд Axiom Space Systems -ийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, сансар болон сарны орчны өвөрмөц нөхцөл байдлаас хүмүүсийг хамгаалах цогц шийдлийг боловсруулах юм байна.

 

Ийнхүү хамтран бүтээсэн шинэ скафандр нь сансар судлах өргөн боломжийг сансрын нисэгчдэд өгнө гэж хоёр тал мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин