Израилын иргэн 25 настай Инбаль Рабин-Либерман төрөлх суурин болох Нир-Амыг алан хядагчдаас аварч чаджээ. Энэ суурин Газын зурвастай хиллэдэг ч ХАМАС-ын дайралтын улмаасноцтой хохирол амсаагүй цорын ганц суурин аж.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын долоонд ХАМАС бүлэглэл халдах үед Инбаль болж буй үйл явдлыг маш хурдан ухаарч, хамгаалалтын хүчийг удирдаж эхэлсэн байна. Инбаль 2022 онд суурингийнхаа Цэргийн аюулгүй байдлын зохицуулагчийн албан тушаалд томилогджээ. Тэрбээр Нир-Ам сууринд төрж өссөн, армид алба хаасан, мөн эмэгтэйчүүдийн манлайллын сургуульд суралцаж байсан аж.
Цэргийн аюулгүй байдлын зохицуулагч нь энгийн болон онц байдал үүссэн нөхцөлд арми эсвэл цагдаагийн хүч ирэх хүртэл суурин газрын аюулгүй байдлыг хариуцдаг албан тушаал аж. Ийм зохицуулагч суурингийн оршин суугчид орон нутгийн эрх баригчид болон хүчнийхнийг хооронд нь холбох ажилтан бөгөөд Батлан хамгаалах яамнаас цалинждаг юм байна.
Ингээд залуу бүсгүй ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, 10 дугаар сарын долооны өглөө аюул заналыг зөвөөр үнэлж, нутгийн оршин суугчдаас бүрдэх "шуурхай ажиллагаа явуулах бүлэг"-ийн гишүүдэд зэвсэг тараан өгчээ.
"Тэр Израилын иргэд дундаас хамгийн түрүүнд юу болж байгааг ойлгосон хүн. Галзуурсан мэт айл болгон руу гүйж, өөрсдийгөө хамгаалах отряд зохион байгуулж, сууринг хамгаалах төлөвлөгөө боловсруулан, эрчүүдийг суурингийн хашаа бүрийн ард отолтонд зогсоосон" гэж Инбалийн талаар Израилын хэвлэлүүд мэдээлжээ. Ингээд суурингийн оршин суугчдыг хөнөөхөөр ирсэн алан хядагчдыг буун дуугаар угтсан байна. Суурин руу халдах гэсэн бүхий л алан хядагчийг хөнөөсөн бөгөөд нийтдээ 25 алан хядагч чадварлаг бүсгүйн удирдсан хамгаалалтынхны гарт амиа алджээ.
Суурингийн оршин суугчид алан хядагчдаас ангижирч чадсаны дараа Инбалийн гэр бүлийнхэн болон бусад оршин суугчид аюулгүй газар руу шилжсэн байна. Баатар болсон бүсгүй Тель-Авивын нэгэн зочид буудалд байрлажээ. Тэрбээр 10 дугаар сарын есний өдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд баатарлаг үйлс бүтээсэн бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэхээр хотын дарга өөрөө очиж, уулзан талархал дэвшүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |