Палестин-Израилын сөргөлдөөн хурцадсан энэ үед Израилтай эв санаа нэг байгаагийн бэлгэдэл болгон Украины Ерөнхийлөгч Зеленский энэ улсад айлчлах хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Украин болон Израилын албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Axios мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Зеленскийн айлчлалыг тохиролцох хүсэлтийг Зеленскийн захиргаа Израилын Ерөнхий сайд Нетаньяхуд илгээсэн байна. Хэлэлцээ дөнгөж эхэлж байгаа, айлчлалын товыг одоогоор тогтоогүй гэж эх сурвалж онцолжээ.
Өмнө нь, 10 дугаар сарын 11-ний өдөр Зеленский Брюссель дэх НАТО-ын Төв офист уулзалт эхлэхээс өмнө дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнд хандаж, Израилд очихыг, уриалж, Орос Украин руу түрэмгийлсэн эхний өдрүүд ямар байсныг эргэн сануулж байв.
"Өргөн цар хүрээтэй дайны эхний өдрүүдийг санаж байна. Беларусийн талаас алан хядагчдын цохилт өгч, дараа нь Оросын арми нэвтэрсэн. Энэ бол бидний хувьд хамгийн том эмгэнэлт үйл явдал байлаа. Олон хүн амиа алдсан. Ийм үед ганцаар үлдэхгүй байх нь чухал байсан. Ингэснээр үндэстнээ, хүмүүсээ аврах боломжтой байлаа. Тиймээс төрийн тэргүүнүүдэд хандаж, Израил руу явж, хүмүүсийг дэмжихийг уриалж байна. Алан хядагчдын халдлагаас болж хохирж байгаа хүмүүсийг зүгээр л дэмжих хэрэгтэй" хэмээн Зеленский мэдэгдэж байлаа.
Энд дуулгахад, 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу довтолсон. Энэ дайралтын хариуд өгч буй Израилын агаарын цэргийн хүчний цохилт одоо ч Газын зурваст үргэлжилсээр байна. ХАМАС-ын дайралтын улмаас Израилд 1200 хүн амиа алдаж, 3000 гаруй хүн шархаджээ. Харин Израилын хариу цохилтын дүнд 1100 палестин амиа алдаж, 4250 хүн шархадсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |