Францын хэвлэл: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр уран олборлолтыг хэлэлцэнэ
2023-10-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад ирэх бямба гараг хүртэл айлчлал хийнэ. Айлчлалын үеэр талууд олон асуудал хэлэлцэхийн дотор уран олборлолтын асуудал жинтэй байр суурь эзэлнэ гэж Францын 20minutes агентлаг мэдээлжээ. Энэ мэдээллийг орчуулан хүргэж байна. 

 

Францын дипломат харилцаа өргөжиж, Монголтой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх стратеги баримталж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Францад хийх төрийн айлчлал мягмар гарагт эхэлсэн бөгөөд айлчлалын үеэр эрчим хүч, уран олборлолтын асуудалд онцгой анхаарал хандуулахаар болж байгаа юм. 

 

Бямба гараг хүртэл үргэлжлэх энэ айлчлал нь Эммануэль Макрон Монголд очсон анхны Францын Ерөнхийлөгч болон Улаанбаатарт тавдугаар сард айлчилсны хариу болгон зохион байгуулагдаж байна. Монгол Улс ердөө гурван сая хүн амтай, ОХУ, БНХАУ-тай сайн харилцаатай байдаг ч бусад орнуудтай нягт холбоо харилцаа тогтоох "гуравдагч хөрш" гэгдэх стратегийг баримталдаг юм.

 

Нэн чухал металл болон газрын ховор элементүүд

 

Хоёр орны төрийн тэргүүн пүрэв гарагт Елисейн ордонд уулзаж, Францын Орано цөмийн групп ашиглахаар эрмэлзэж буй Монголын уранаар баялаг орд газрудын талаар ярилцах юм.

 

Монголд үйл ажиллагаа явуулж буй энэ компани уран олборлох томоохон төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй. "Тэрбум гаруй еврогоор" үнэлэгдэх энэ төсөл Францын "стратегийн автономит байдлыг бэхжүүлнэ" гэж эх сурвалжууд онцолж байлаа.

 

Францын талын мэдэгдсэнээр, Монгол Улс "эрчим хүчний шилжилтэд  шаардлагатай" нэн чухал металл болон газрын ховор элементүүдтэй бөгөөд үүнийг ашиглах тал дээр хамтран ажиллах хэлэлцээрийг хоёр орны төрийн тэргүүний уулзалтын үеэр байгуулах аж. Үүний дараа Елисейн ордонд төрийн хүндэтгэлийн зоог зохион байгуулж, үүнд 100 орчим зочин оролцох юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
франц руу яаж авч явахын ёстой замгүй харагдаж байх чинь далайгаар явлаа гэхэд тойрч тойрч очно
2023-10-12
ураны уурхайд хүүхэд хүчиндэгчдийг ажиллуулах хэрэгтэй
2023-10-12