Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу гэнэт халдсанаар хоёр орны хооронд зэвсэгт сөргөлдөөн дэгдсэн юм. ХАМАС довтолсон өдөр Израил дайчилгаа зарлаж, маргааш өдөр нь дайны байдал албан ёсоор зарлан өргөн цар хүрээтэй цохилтыг Газын зурваст өгч эхэлсэн.
Израилын армийн агаарын цохилт үргэлжилсээр байгаа бөгөөд 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Израилын арми ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүрийн командлагч Мохаммед Дейфийн Газын зурвас дахь гэрт агаараас цохилт өгчээ. Al-Mayadeen сувгийн мэдээлснээр, энэ цохилтын улмаас Палестины командлагчийн ах амиа алдсан байна. Байшингийн нурангин дор түүний гэр бүлийн бусад гишүүд байгаа, харин цохилт өгөх үед Мохаммед Дейф хаана байсан нь тодорхойгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, ХАМАС-ын цэргийн жигүүрийн командлагч Мохаммед Дейф рүү сүүлийн хэдэн жил Израилын арми долоон удаа халдсан ч тэрбээр амьд үлдсэн байна. Хамгийн сүүлд 2021 онд түүний амь насанд халдахыг завдаж байсан аж.
2014 онд түүний эсрэг чиглэсэн агаарын халдлагын үеэр Мохаммедын долоон сартай хүү, гурван настай охин амиа алдсан байна. Түүний эсрэг халдлага үйлдэж байгаа нь 2021 оноос хойш төлөвлөсөн, Израилын эсрэг халдлагыг зохион байгуулах гол ажлыг Мохаммед Дейф хийсэн аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |