НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг иргэд нийгмийн сүлжээнд илэрхийлдэг. Тэгвэл энэ асуудлыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хөндсөн байна.
Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн талаар УИХ-ын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцоллоо. Түүний зүгээс " НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн. Уг саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгэж, мэтгэлцээн зохион байгуулна" хэмээлээ.
CEO Club-ын гишүүдийн зүгээс НӨАТ-ын иргэдэд олгодог буцаан олголтын хувь хэмжээг шат дараалалтай нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн орлогын бүртгэлийг сайжруулж, далд эдийн засгийг ил болгох, хувийн хэвшлийн өрсөлдөөний орчныг нэг болгох, төсөв бүрдүүлэх бусад татварын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн татварын ачааллыг бууруулж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар саналыг өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын даргатай хийсэн уулзалтын үеэр гаргаж байв.