Палестины ХАМАС бүлэглэл өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдсэн халдлагынхаа үеэр барьцаалсан олзны хүмүүсийг палестин хоригдлуудыг чөлөөлүүлэх зорилгоор ашиглахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар ХАМАС бүлэлэлийн төлөөлөгч Али Бараке "Ассошейтед Пресс" агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Тодруулбал, олзлогдсон Израилын иргэдийг АНУ-д баривчлагдсан палестинчууд болон Израилын шоронд байгаа арабуудыг суллах хэлэлцээр хийхэд ашиглах зорилготой байгаа гэж Бараке өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр, ХАМАС бүлэглэлийг санхүүжүүлсэн хэргээр саатуулагдсан хүмүүс АНУ-д байгаа аж. Тиймээс тэднийг суллах шаардлагыг АНУ-д тавихаар зэхэж байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Израилын шоронгуудад байгаа бүхий л араб хоригдлыг чөлөөлөхийг ХАМАС шаардахаар зэхэж байгаа аж. Мөн ХАМАС бүлэглэл сөргөлдөөн яаж ч эргэсэн, тэр дундаа урт хугацааны дайн болсон ч бүлэглэлийнхэн бэлэн байгаа гэж Бараке онцолжээ. Түүний өгүүлснээр, ХАМАС 2014 оноос хойш дайчдаа бэлдэж, өөрсдийн хүчээр пуужин үйлдвэрлэдэг болсон гэнэ. Энэ удаагийн халдлагын шалтгаан нь Израилын Засгийн газар Иерусалимын Аль-Акса сүмд хандаж байгаа хандлага, Израилын шоронгуудад палестин хоригдлуудад дарамтанд өртөх байдал нэмэгдсэнтэй холбоотой гэж ХАМАС-ын төлөөлөгч Бараке өгүүлжээ.
Г.Бябмасүрэн
Уншиж байна |