Хятадын геологичид газрын ховор металлын, дэлхийд томоохонд тооцогдох орд газар нээсэн гэж мэдэгджээ. Ниобий агуулагдах энэ орд газар Өвөр Монголд байдаг талаар Синхуа мэдээлсэн байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баян-Овоод нээгдсэн ниобобаотит нь ниобий, барий, титан, төмөр, хлоридоос бүрдэх хар хүрэн өнгийн хүдэр юм. Ниобий нь нэн тэргүүнд ган цутгамлын үйлдвэрлэлд ихээхэн эрэлттэй байдаг. Нэгээс бага хувь ниобий агуулсан ган төмөр нь харьцангуй бат бөх, жин нь бага байдаг аж. Мөн ниобийтэй хайлшыг барилгын материал үйлдвэрлэл, газрын тос хийн хоолой, тийрэлтэт хөдөлгүүр зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг юм байна. Бага температурт ниобий үелзлийг хурдасгагч, МРТ аппаратуудад зориулагдсан соронз хийж болохуйц дээд зэргийн дамжуулагч болдог аж.
Хятадын Үндэсний цөмийн корпорацийн геологичид өнгөрсөн долоо хоногт нээсэн металлын шинэ хүдэр нь Баотоу бүсэд илэрсэн 17 дахь шинэ эрдэс, Баян-Овоод илэрсэн 150 дахь шинэ эрдэс болсон гэж SCMP мэдээлжээ.
Ниобийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг улс нь Бразил юм. Энэ улсад ниобийн судлын 90 гаруй хувь, үйл ажиллагаа явуулж буй ниобийн гурван ордын хоёр нь байдаг аж. Үүний араас, ниобийн нөөцөөр Канад бичигддэг юм байна. Саяхныг хүртэл Хятадын ган цутгамлын үйлдвэр шаардлагатай ниобийн нөөцийн ихэнх хэсгийг гадаад орнуудаас импортолдог байсан бол энэ удаад Өвөр Монголд орд газар илрүүлснээр энэ металлын импортоос хараат бус болох боломжтой болсон гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |