Cathay Pacific Израилыг зорих нислэгээ цуцалжээ
2023-10-09

Өнгөрсөн бямба гарагт ХАМАС бүлэглэл Израилд гэнэтийн цохилт өгч, улмаар тус бүс нутагт сүүлийн 50 жилд тохиож байгаагүй өргөн цар хүрээтэй сөргөлдөөн бий болсон юм. Улмаар Израилын эрх баригчид ням гарагт албан ёсоор дайны байдал зарласан. Нөхцөл байдал ийн хүндэрсэн нөхцөлд зарим агаарын тээврийн компаниуд энэ улсыг чиглэсэн нислэгээ зогсоож эхэлжээ.

 

Тодруулбал, Азийн томоохон агаарын тээврийн компаниудын нэг болох Cathay Pacific мягмар гарагт үйлдэхээр төлөвлөж байсан, Хонконг-Тель-Авив чиглэлийн нислэгийг цуцалснаа албан ёсоор мэдэгдсэн байна.  

 

"Израил дахь сүүлийн үеийн нөхцөл байдлыг харгалзан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон Хонконгоос Тель-Авивыг чиглэх CX675, Тель-Авиваас Хонконгийн чиглэх CX676 нислэгүүдийг цуцалж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа, 10 дугаар сарын 12-ны нислэгийг хэрхэх талаар нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ хэмээн агаарын тээврийн компани мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин