Кадыров Ерөнхийлөгчийн сонгуульд ганцхан Путинийг нэр дэвшүүлэхийг санал болгожээ
2023-10-09

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров "цэргийн тусгай ажиллагаа"-ы үеэр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахгүй байхыг уриалсан байна. Ирэх оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах уриалгыг тэрбээр Владимир Путиний төрсөн өдөрт зориулсан цуглааны үеэр гаргажээ. 

 

 "Цэргийн тусгай ажиллагаа" (shuud.mn: ОХУ-ын эрх баригчид Украин руу халдсан үйлдлээ ийн нэрлэдэг) явагдаж байх үед Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар яриад ч хэрэггүй гэж бодож байна. Барууны орнууд зэрэг манайд нөхөрсөг ханддаггүй орнууд өдөөн хатгалга хийхийн тулд ийм том үйл явдлыг ашигладаг, цаашид ч ашиглана гэдэг нь илт. Тэд ийм үйл явдлыг улс орныг дотроос нь хагаралдуулахын тулд ашиглахыг хичээнэ" хэмээн Кадыров мэдэгджээ. Сонгууль цуцлахгүй бол Владимир Путин гэсэн ганцхан нэр дэвшигчтэй сонгууль явуулж болно хэмээн тэрбээр онцолсон байна.

 

Оросын Үндсэн хуульд зааснаар, дайны байдал зарласан нөхцөлд сонгуулиудыг цуцлах боломжтой байдаг. Одоо Оросын эзлэн түрэмгийлсэн, Украины Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудад дайны байдал зарласан байгаа юм. ОХУ эдгээр мужийн нутаг дэвсгэрт бүрэн хяналтаа тогтоогоогүй, гэхдээ эдгээр мужийг ОХУ-ын субъект гэж хуулиндаа зааса. Мөн энд дайны байдал зарласан ч гэлээ орон нутгийн сонгуулийг зохион байгуулж байв.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний тухайд, тэрбээр 2000 оноос эхлэн төрийн эрхэнд байгаа юм. Владимир Путин 2000, 2004 онуудад Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тухайн үед Оросын Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаа дөрвөн жил байлаа.

 

Үүний дараа, гурав дараалан Ерөнхийлөгч болох боломжгүй тул 2008 онд Дмитрий Медведев Ерөнхийлөгч болж харин Путин Засгийн газрын тэргүүн болсон юм. Үнэндээ энэ үед Путин шууд Ерөнхийлөгч болох боломжгүй тул Медведевийг "утсан хүүхэлдэй болгож ашигласан" гэж шинжээчид үздэг.

 

Улмаар, 2012 онд Путин гурав дахь удаагаа сонгогдсон. Мөн энэ онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон нэмэгдүүлсэн юм. Цаашлаад 2018 онд тэрбээр дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгч болсон. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалтай холбоотой нэмэлтүүдийг "олон нийтийн санал асуулга" нэрийн дор дэмжүүлж, хуульд тусгаж байлаа. Ингэснээр Путин Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин хоёронтаа нэр дэвшиж, 2036 он хүртэл Оросыг удирдах боломжтой болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манай дүү нар нь бас ийм саналтай байгаа гэсэн . Тэдний нэрийг долдойчууд гэх бөлгөө
2023-10-09