Өмнөд Солонгосын Кёнгидо мужийн Ансан Сангнок дүүргийн цагдаагийн газар 10 дугаар сарын зургааны өдөр, согтуугаар хоёр машин хулгайлж, зам тээврийн осол гаргасан гадаадын иргэнийг саатуулсан тухай news1.kr сайт мэдээлжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, 10 дугаар сарын тавны өдрийн өглөөний найман цаг орчимд, согтуугаар хоёр машин хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн нь Монгол Улсын иргэн, 30 настай А гэгч аж. Тэрбээр засварт байсан Genesis машиныг хулгайлж, согтуугаар жолоодон явах үедээ зам дээр байсан машиныг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.
Үүний дараа ослын газраас зугтах гэж байхдаа өөр машинтай мөргөлдөж, машин явах боломжгүй болсон тул тэнд нь орхиод, ослын газраас холгүйхэн зогсоолд байсан машины арын цонхыг нь хагалан орж, машиныг асаан хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийнхан түүнийг саатуулж шалгахад тэрбээр жолооны үнэмлэхгүй байсан нь мөн тогтоогдсон аж.
"Пучонд байдаг хайртай хүнтэйгээ уулзахын тулд гэмт хэрэг үйлдсэн. Надад тийшээ явах таксины мөнгө байгаагүй" хэмээн Монгол Улсын иргэн А цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ өгүүлжээ.
Түүнийг хулгай, биед гэмтэл учруулсан осол үйлдэж зугтсан, их хэмжээний хөрөнгөд хохирол учруулсан хэргээр буруутгаж, баривчлан саатуулахаар болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |