ОХУ Украинд дайн өдүүлсний дараа хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлаж, улмаар Оросын олон иргэн хилийн чанадыг зорьж байлаа. Түүнчлэн зарим олны танил хүмүүс Оросын өдүүлсэн дайныг буруушааж, ингэснээрээ "гадаадын агент" нэр зүүж, улсаа орхин явж байв. Эдгээр хүмүүсийн нэг нь Алла Пугачева, түүний нөхөр Максим Галкин нар юм.
Алла Пугачева нөхөр Максим Галкин нь олны өмнө Оросын эрх баригчдыг буруутгаж, "гадаадын агент" гэсэн жагсаалтад багтах болсны дараа мөн л олон нийтэд хандан, Оросын эрх баригчдын үйл ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, өөрийг нь ч мөн "гадаадын агент" жагсаалтад багтаахыг хүссэн мэдэгдэл хийж байв. Тэд үүний дараа Израилийг зорьж, тэндээ амьдрах болсон юм.
Гэсэн ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Израильд дайн дэгдэж, Алла Пугачева нөхөр Галкины хамт Израилиас зугтсан байна. Фокус агентлагийн мэдээлснээр, Максим Галкин, Алла Пугачева нар Тель-Авивын нисэх буудал дээр байгаа зураг олон нийтийн сүлжээнд тархжээ. Тэд Латвийг зорьсон байж магадгүй гэнэ. Үүнээс өмнө, Максим Галкин олон нийтийн сүлжээнд "Эхнэр хүүхдийн хамт түгшүүрийн дуугаар 06.30 цагт сэрлээ. Израилийн хувьд хүнд үе тохиож байна. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Барьцаанд байгаа хүмүүсийн төлөө залбирцгаая! Израиль ялна!" хэмээн бичиж байв.
Энд дуулгахад, бямба гарагт Палестины ХАМАС алан хядагч бүлэглэлийн дайчид Израильд гэнэтийн цохилт өгч, 2000 гаруй пуужин харваснаар олон хүн амиа алдаж, сураггүй болж, дайчдад барьцаалагдсан. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд тус бүс нутагт тохиосон хамгийн том хямралд тооцогдож байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |