Афганистанд газар хөдөлж, 2000 хүн амиа алджээ
2023-10-09

Бямба гарагийн өглөө Афганистаны  Герат хотоос 40 км зайд 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ байгалийн гамшиг араасаа асар их хор хохирол дагуулсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны баруун хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо ням гарагийн байдлаар 2000-д хүрсэн гэж тус улсыг хяналтдаа байлгадаг Талибан хөдөлгөөн мэдэгджээ. Түүний өгүүлснээр, энэ тоо эцсийнх биш бөгөөд цаашид ч амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэнэ. Мөн газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 10 мянгад хүрсэн байна. 

 

Аль-Жазира телевизийн мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа сураггүй болсон хүн олон байгаа гэнэ. Байгалийн гамшигт өртсөн бүс нутгуудад майхан, эм бэлдмэл, хүнс нэн хмосдолтой байгаа тул Афганистаны эрх баригчид хохирсон хүмүүс туслах уриалгыг бизнес эрхлэгч болон төрийн бус байгууллагынханд хандан гаргажээ.

 

Бямба гарагт болсон газар хөдлөлтийн улмаас зургаан тосгон сүйрсэн, олон зуун хүн нуранганд дарагдсан бол амьд үлдсэн хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй байгаа аж. ДЭМБ-ын мэдээлснээр, Герат мужийн 12 тосгонд 600 гаруй байшин бүрэн болон хэсэгчлэн нурсан, эдгээрт нийтдээ 4200 хүн амьдарч байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин