Бямба гарагт Палестины ХАМАС алан хядагч бүлэглэлийн дайчид Израильд гэнэтийн цохилт өгч, 2000 гаруй пуужин харваснаар олон хүн амиа алдаж, сураггүй болж, дайчдад барьцаалагдсан байна. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд тус бүс нутагт тохиосон хамгийн том хямралд тооцогдож байгаа юм.
ХАМАС-ын халдлага үүгээр дууссангүй, ням гарагийн шөнө дахин үргэлжилж, Израилийн Ашдод, Ашкелон хотууд руу халдаж, Израилийн нийслэл Тель-Авив хотын Бен-Гурион нисэх буудалд пуужингийн цохилт өгөхийг завдсан гэж "The Times of Israel" сонин мэдээлжээ. Ашкелон хот руу 100 орчим пуужин харваж, зарим пуужин орон сууц оносны улмаас олон хүн шархаджээ.Израилийн Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн мэдээллээр, ХАМАС-ын халдлагын улмасс 2315 хүн шархадсанаас 23 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. Хоёр өдрийн дотор амиа алдсан хүний тоо 700-г давжээ.
Хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан газраас 250 гаруй хүний цогцосыг олжээ
ХАМАС бүлэглэл цохилт өгч эхлэх бямба гарагт Газын зурвасын хилээс холгүйхэн, Израилийн нутаг дэвсгэр дээр Supernova нэртэй хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан юм. Чухамхүү энэ наадмын оролцогчид ХАМАС-ын цохилтын анхны хохирогчид болсон.
Ням гарагт энэ газраас сайн дурын аврах бүлгийнхэн 250 гаруй цогцос олсон гэж мэдээлжээ. Израилийн цөлд зохион байгуулагддаг энэ наадам бямба гарагт болсона бөгөөд наадмын үеэр ХАМАС бүлэглэлийн дайчид гэнэт гарч ирэн, хүмүүс рүү буудаж, тэднийг барьцаалж эхэлсэн байна.
"Цахилгаан тасарч, гэнэт л хаанаас ч юм дайчид гарч ирэн, бүх талаас буудаж эхэлсэн" хэмээн наадмын оролцогч нэгэн эмэгтэй ВВС-д ярьжээ. Түүний өгүүлснээр, хүмүүс тэндээс зугтахыг оролдон, элсэн дундуур гүйж, машинд суусан ч дайчид тэдэн рүү буудсан байна. Зарим хүн Израилийн цэргийнхэн тэднийг аварна гэсэн найдлагатайгаар хэдэн цаг бут, жимсний цэцэрлэгт нуугдсан байна.
Энэ наадамд оролцож байсан олон хүн сураггүй болсонд тооцогдож байгаа юм. Тэднийг барьцаалж, хөнөөж, машин дээр ачин явж байгааг харуулсан дүрс бичлэгүүд цахим орчноор тархсан байна.
Халдлагад Ираны тусгай алба оролцсон
ХАМАС-ын дайчдын халдлага Ираны тусгай албадын дэмжлэгтэйгээр хэдэн долоо хоногийн өмнөөс бэлтгэгдсэн байсан гэж ХАМАС бүлэглэлийн гишүүд болон Ливаны Хезболла хөдөлгөөний гишүүдээс авсан эх сурвалжтайгаар Wall Street Journal сонин мэдээлжээ.
Эх сурвалжуудын өгүүлснээр, өнгөрсөн долоо хоногт Бейрутад болсон Палестины дайчидтай хийсэн уулзалтын үеэр Ираны албан тушаалтнууд халдлага хийхийг зөвшөөрсөн гэнэ. Берйутад болсон уулзалтад Исламын хувьсгалын харуулуудын корпусын офицерүүд оролцсон бөгөөд тэд ХАМАС -тай хамтран наймдугаар сараас хойш цэргийн ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан гэж WSJ мэдээлжээ.
Израиль дайны байдаль зарлав
ХАМАС бүлэглэл халдсаны дараа Израилийн Цэрэг, улс төрийн танхим Засгийн газрын тухай хуулийн 40 дүгээр заалтыг хүчин төгөлдөр болгох талаар хэлэлцсэн байна. Энэ заалтад дайны байдал зарлах журмыг зохицуулах тухай тусгасан байдаг аж.
Хамгийн сүүлд энэ заалтыг Шүүлтийн өдрийн дайны үеэр, 1973 онд мөрдөж байлаа. Дайны байдал зарласнаар, Израилийн арми тус улсын улс төрийн удирдлагад илтгэл тавьж, өөрсдийн шийдвэрээр арга хэмжээ авах боломжтой болох юм.
"Бид удаан, хүнд дайнд татагдан орж байна. Израилийн иргэд ээ, энэ бол цэргийн ажиллагаа биш, харин дайн. ХАМАС-ын хөнөөлт халдлага биднийг дайнд татан орууллаа" хэмээн Израилийн Ерөнхий сайд Нетаньяху мэдэгджээ.
Хүнд нөхцөлд орсон Израильд туслахаар АНУ цэргийн тусламж илгээхээр болсон байна. Тодруулбал, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Ерөнхийлөгч Жо Байдентай зөвлөлдсөний дараа Израиль дахь Америкийн цэргийн хүчийг бэхжүүлэх хэд хэдэн алхам авч хэрэгжүүлэхийг тушаажээ. Түүнчлэн АНУ энэ бүс нутаг руу цохилт өгөх нисэхийн бүлэг, байлдааны онгоцуудыг илгээхээр болсон юм. Израильд үүссэн энэ нөхцөл байдлыг зохицуулах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч ямар ч шийдэлд хүрч чадаагүй байна.
Араб-Израилийн дайн
Израиль, Палестины сөргөлдөөн өнө эртнээс эхтэй. Орчин цагийн түүхийн тухайд гэвэл, 1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон нь арабуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израиль руу довтолсон ч израильчуудад Англи, Францын талаас дэмжлэг үзүүлж байсны ачаар Израилийн цэрэг Арабын цэргийг бут цохиж, Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан юм. Үүнээс хойш Араб-Израилийн сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа юм.
1964 онд Палестины Чөлөөлөх Байгууллага байгуулагдсан. 1968 оны гуравдугаар сард Йордан дахь Палестины чөлөөлөх байгууллагын бааз руу Израилийн цэргүүд довтолсноор Араб-Израилийн хоёр дахь дайн эхэлж байв. 1969 оны "Зургаан өдрийн дайн"-аар Израиль улс Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Голланы өндөрлөг зэргийг арабуудаас эзлэн авсан. 1970 онд ПЧБ-ийн дайчид Йорданоос Израилийн нутаг руу цөмөрч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дүрвэн гарсан байна. Сири улс нь Палестины чөлөлөх байгууллагыг идэвхтэй дэмждэг орон байсан. Израиль 1973 онд Египет, Сири, Йордан луу нэгэн зэрэг түрэмгийлсэн бөгөөд 1982 онд Израилийн цэрэг Ливаныг эзлэн авсан юм. Анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоож өгсөн 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |