Тайванийн өмнөд хэсгээр "Коину" хар шуурга дайрч, шуурга мод бутыг үндсээр нь булгалж, орон сууцнуудын цонх хагарах зэргээр ноцтой хохирол дагуулсан байна. Энэ талаарх мэдээллийг The Watchers сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Коину" хар салхи урьд хожид байгаагүй хүчтэй байсан гэж цаг уурчид мэдээлсэн бөгөөд хамгийн хүчтэй үедээ 343 км/цаг, харин тогтвортой үедээ 199 км/цаг хүрч байсан аж. Тайванийг 1897 оноос хойш ийм хүчтэй салхи дайрч байгаагүй гэнэ. Хар салхины үеэр салхины хурд хэмжигч төхөөрөмж эвдэрчээ.
Арлын эрэг орчимд 70 гаруй завь хөмөрч, живсэн бол хоёр сургуулийн байр хар салхины улмаас ихээхэн эвдэрч, Тайваньд цахилгаан эрчим хүч тасалдсан байна. Хар салхинаас үүдэлтэй аадар бороо, хүчтэй салхи цаашлаад ойрын гурван өдөр Хятадын өмнөд хэсгийг хамарна гэж цаг уурчид анхааруулжээ. Тиймээс Хятадын өмнөд нутагт хөлөг онгоцны аяллуудыг зогсоож, наран шарлагын бүс нутгаас хол байхыг жуулчдад сэрэмжлүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |