Дорноговь аймгийн Сайншанд сумаас сураггүй болсон 12 настай охины эрэн хайх ажиллагааны талаар ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж “Өнөөдөр хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн хүрээнд мэдээлэл өгөх зөвшөөрөл прокуророос олгогдоогүй учраас мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.
Охиныг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудоржийн ахалсан бүрэлдэхүүн одоо Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Эрэн сурвалжлах ажиллагаанд Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын алба хаагчид оролцож байна. ОБЕГ-аас нисдэг тэргээр агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Зэргэлдээ сум, аймгуудад ч эрэн хайх ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг "Бид өнөөдрийн хуралдаанаар хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлэх, олон улсын туршлагаар вэб сайтад байршуулах талаар ярилцсан. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах байх.
Улсын хэмжээнд 30 мянган камер байх шаардлагатай байна. Одоо камерын тоо харьцангуй бага байгаа. 2012-2021 онд хяналтын 10 000 камер байршуулсан. Үүний 50 хувь нь ажиллаж байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан камер эвдрэх, гацах асуудал их гардаг. Тиймээс нэг стандартад оруулахаар ажиллаж байна" гэв.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хүчирхийллийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах ёстой. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг зураг, нэртэй нь вэб сайтад байршуулж олон нийтэд зарлана. Ингэж хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй хатуу тэмцэнэ.
Шилжих хөдөлгөөний үед хүүхэд бүртгэлгүй үлдэх эрсдэл байдаг. Тиймээс хүүхэд бүрт цахим хувийн хэрэгтэй болно. Ямар нэг хүчирхийлэлд өртөх эрсдэл үүсвэл тухайн хүүхдийн хувийн хэрэгт тэмдэглэж, багш, эрүүл мэндийн байгууллага анхаардаг больё.
Гэр бүл хүүхэд хөгжлийн агентлаг анх 300 гаруй сая төгрөгийн төсөвтэй байсан. 21 аймагт салбартай байгууллага болсон ч суманд хүүхэд хамгааллын мэргэжилтэн байхгүй. Суманд малын асуудал хариуцсан таван хүн байдаг атлаа хүүхэд хариуцсан хүн байдаггүй.
Гэр бүл хүүхэд хөгжлийн агентлагийн 8 тэрбум төгрөгийн төсвийг хүүхдийн тоонд хуваахаар Монголын нэг хүүхдэд 5000 төгрөг оногддог . Нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай 400 гаруй хүүхэд байна. Халамж дэмжлэг шаардлагатай, эрсдэлт бүлгийн хүүхдэд оногдох зардал 15 000 төгрөг байдаг.
Энэ агентлаг зөвхөн хүүхдийн асуудалд анхаардаг болж, 2024 онд төсвийг нь 14 тэрбум болго нэмэгдүүлэхээр төсвийн хуульд тусгаад байна.
Уншиж байна |