Улаанбаатар хотын нийтийн тээвэрт зориулан худалдан авсан автобуснууд хуучин автобус болох нь илэрч, энэ хэрэг багагүй дуулиан дэгдээж, олон албан тушаалтан суудлаасаа огцорсон. Өмнөд Солонгосын компанитай холбогдсон энэ хэрэг зөвхөн Монгол, БНСУ төдийгүй өөр улс орнуудын ч анхаарлыг татжээ.
Тухайлбал, 2021 он хүртэл манай улсад Чехийн Элчин сайдаар сууж байсан Иржи Бродски манай улсад сайн чанарын автобус нийлүүлэх санал тавьсан ч татгалзсан хариу авсан талаараа Х (хуучнаар Твиттер) сүлжээнд бичсэн байна.
"2020 онд автобус үйлдвэрлэгч Европын компани болох Iveco бүтээгдэхүүн, агуулах, үйлчилгээ болон Улаанбаатарын цаг уурт тусгайлан нийцүүлсэн багц үйлчилгээгээ санал болгож байсан. Iveco оролцож болох тендерийг бид өдөр бүр л харж байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт юу болсныг харж байна уу" хэмээн бичжээ. Үүгээрээ тэрбээр, чанартай автобус үйлдвэрлэгчид тендерт оролцож чадахгүй байхад чанаргүй автобус олноор оруулж ирснийг шүүмжилсэн байна.
Энд дуулгахад, Франц, Чехи, Италид үйлдвэрүүдтэй Iveco Bus компани автобус үйлдвэрлэл, нийлүүлэлт хийж, борлуулалтын дараах цогц үйлчилгээг үзүүлдэг аж.
Г.Бямбасүрэн