Дэлхийн улс орнуудад нас баралтын үндсэн шалтгаануудын нэг болсон тамхины хэрэглээг бууруулах, залуу үеийг тамхины хор уршгаас хол байлгах тал дээр төрөл бүрийн шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.
Дэлхий дээр жил бүр 5 000 000 хүн тамхины шууд болон дам хэрэглээний улмаас нас бардаг бол 20 жилийн дараа энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэж ДЭМБ анхааруулдаг юм.
Тамхинаас үүдэлтэй нас баралт, эрүүл мэндийн доройтол жилээс жилд нэмэгдэж байгаа тул дэлхийн ихэнх улс орон төрөл бүрийн хязгаарлалт тогтоож, олон нийтийн газарт тамхи худалдах, татахыг хориглосоор ирсэн бол сүүлийн үед залуу үеийг тамхинаас хол байлгах зорилгоор тодорхой нас заан тамхины худалдааны хориг тавих алхмыг нухацтай авч үзэх болсон. Өмнө нь Шинэ Зеланд тамхийг тодорхой насны хүмүүст худалдаалахыг бүрэн хориглосон анхны улс болсон бол энэ удаад Их Британи ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, Их Британийн Засгийн газар 2009 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хүмүүст тамхины агууламжтай бүтээгдэхүүн худалдахыг хориглосон хуулийн төслийг Парламентаар хэлэлцүүлэхээр болжээ.
Цаашлаад жил бүр худалдан авагчдын насыг нэг жилээр нэмж, улсын бүх хүн амыг хамруулах гэнэ. Ингэснээр 2040 он гэхэд залуус тамхинаас бүрэн татгалзах боломжийг олгоно гэж Их Британийн засгийн газар үзэж байгаа аж.
"Би хойч үедээ сайхан, гэрэлт ирээдүйг бүтээхийг хүсэж байна. Тиймээс тамхины хэрэглээг нэг мөр үгүй болгохыг хүсэж байгаа юм. Энэ өөрчлөлтийн ачаас хүүхдүүд хэзээ ч тамхи худалдан авч чадахгүй, ингэснээр өнөөдөр болон ирээдүйд тамхины хор уршгаас өөрийгөө хамгаалах боломжтой болно" гэж хуулийн төслийн санаачлагч, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгджээ.
Тодорхой нас заан, тамхи худалдахыг хориглох санал гаргасан Их Британи улсад тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралт их байдаг.
Тодруулбал, энэ улсад 18-аас дээш насныхан тамхи худалдан авах эрхтэй байдаг бөгөөд жил бүр тамхины улмаас 64 мянган хүн нас бардаг байна. Мөн сар бүр 75 мянган хүн тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчний улмаас эмнэлэгт ханддаг аж. Түүнчлэн тамхины хэрэглээтэй холбоотой ажилгүйдэл, эрт нас баралт, эрүүл мэндийн зардлын улмаас Британийн эдийн засаг жил бүр 17 тэрбум фунт стерлингийн алдагдалд ордог гэнэ.
Их Британи тамхитай хэрхэн тэмцдэг вэ?
Тамхины эсрэг хамгийн хатуу хууль үйлчилдэг орнуудын нэг нь Их Британи улс. Бүр 1985 онд энд телевизийн сувгуудаар тамхин бүтээгдэхүүн сурталчилахыг хориглож байв. Цаашлаад 2003 онд сурталчилгааны самбар дээр тамхин бүтээгдэхүүн сурталчилахыг хориглосон бол 2005 оноос эхлэн тамхины компаниуд олон нийтийн арга хэмжээ, спортын уралдаан тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллахыг хориглож байлаа.
2007 онд Их Британи олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон анхны улс болсон юм. Бүхий л нисэх буудлууд дахь тамхины цэгийг буулгаж, мөн тамхи худалдан авах насыг 16 байсныг 18 болгон нэмэгдүүлж байв. Цаашлаад 2016 онд бүх тамхийг ижил, ногоон өнгийн хайрцаганд савлан зардаг болсон бөгөөд тамхины хайрцагны ихэнх хэсэгт тамхины хор уршгийн талаарх анхааруулга байрлуулдаг болжээ. Мөн энэ улсад жил бүр тамхины үнийг 30-80 хувиар нэмдэг, цар тахал эхлэхээс өмнөх үед гэхэд л тамхины дундаж үнэ 10 фунт буюу монгол мөнгөөр 42,6 мянган төгрөг байв.
Тамхи хориглосон анхны улс
Тодорхой нас заан, тамхины худалдааг хориглосон анхны улс нь Шинэ Зеланд болсон юм. Шинэ Зеландын парламент залууст тамхи худалдахыг хориглосон хуулийг 2022 оны 12 дугаар сард батлаж, хууль 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Шинэ Зеландад батлагдсан хуулийн дагуу 2009 оны оны нэгдүгээр сарын нэгэн болон түүнээс хойш төрсөн бүхий л иргэнд тамхи худалдахыг хориглоно. Цаашдаа энэ насны босгыг байнга шинэчлэх тогтоох юм.
Тамхины худалдааг хориглох шинэ хуулийн дагуу тамхины хэрэглээг бууруулах үүднээс бусад төрлийн хязгаарлалт, заалтууд ч багтжээ.
Тухайлбал, тамхин бүтээгдэхүүний никотины агууламжийг багасгаж, тамхийг зөвхөн тусгай дэлгүүрүүдэд худалдаалах юм байна. Тамхины дэлгүүрийн нийт тоог 10 дахин буулгаж, 6000 байсныг 600 болгон цөөлөхөөр болжээ. Гэхдээ электрон тамхины худалдааг хязгаарлаагүй байна.
Шинэ Зеландад 2022 оны 11 дүгээр сарын байдлаар өдөр бүр тамхи татдаг хүний тоо найман хувиар буурсан байна. Харин электрон тамхи хэрэглэгчдийн тоо 6,2 хувиас 8,3 хувь болтлоо нэмэгджээ. Энэ улсын эрх баригчид 2025 он гэхэд Шинэ Зеландыг "тамхигүй орон" болгохоор зорьж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |