Өнгөрсөн онд Оросын Нэгдүгээр сувгийн шууд эфирийн үеэр дайн эсэргүүцсэн агуулгатай самбар барин гарч ирсэн сэтгүүлч Орост төдийгүй олон улсад ихээхэн дуулиан дэгдээж байлаа.
Нэгдүгээр сувгийн редактораар ажиллаж байсан Марина Овсянникова ийнхүү дайн эсэргүүцсний дараа түүнийг "Оросын зэвсэгт хүчний талаар хуурамч мэдээлэл түгээсэн" хэрэгт буруутгаж, торгууль оноосны дараахан тэрбээр Оросоос явсан байна. Ингээд түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн юм.
Марина Овсянниковаг энэ удаад Оросын армийн нэр хүндийг унагасан хэргээр буруутгаж, тэр эх орондоо байхгүй тул шүүх хурлыг хариуцагчгүйгээр явуулж, улмаар Овсянниковад 8,5 жилийн ялыг эчнээ оноожээ.
Эргэн сануулахад, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Оросын төрийн телевиз болох “Первый канал” сувгийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн үеэр Марина Овсянникова дайныг эсэргүүцсэн. Тэрбээр мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Екатерина Андреева мэдээ хүргэж байх үеэр ард нь гарч ирэн, “Дайныг зогсоо, суртал ухуулгад битгий итгэ, та нарт худлаа ярьж байна” гэсэн бичиг барин зогссон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |