Австралийн ахмад настан, гэр бүлийн хос болох Марти, Жесс Ансен нар ахмад настны байранд зарцуулах мөнгөө хэмнэх сонирхолтой арга олсон гэнэ. Тэд аяллын хөлөг онгоцоор аялах нь ахмадын асрах газарт байснаас тухтай, мөн үнэ хямд гэдгийг судлаж мэдээд жил гаруй хугацаанд аялж, амьдарч байгаа талаар The Mirror мэдээлжээ.
Марти, Жесс Ансен хоёр 51 аялалд хамрагдан, 500 өдөр дараалан тэнгисээр аялсан байна. Тэд анх Австралид хоёр жил үргэлжилсэн цар тахлын хоригийн дараа 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр анхны аялалдаа гарчээ. Ингээд тэд 2000 хүний багтаамжтай Coral Princess хөлөг онгоцоор жил хагасын хугацаанд аялсан байна. Марти, Жесс нар энэ аяллаа хоёр жил үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тэдний өгүүлснээр, дэлхийг тойрон хоёр жил тэнгисээр аялах нь ахмадын асрах байранд өгөх төлбөрөөс ч хямд тусаж байгаа гэнэ. Хөлөг онгоцон дээр бүжиглэж, цэнгэх гээд зугаацах зүйл мундахгүйн дээр өрөөг нь хүн цэвэрлэж өгдөг, хоол нь бэлэн гээд олон давуу талтай гэж Жесс, Марти нар өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |