Энэ сарын нэгний өдрөөс Орос улс Хятад, Монгол, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтээ багасгаж болзошгүй гэж Коммерсант сонин мэдээлж байв. Тодруулбал, Монгол, Хятад, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтийг бууруулах шаардлагатай болсон нь цахилгаан эрчим хүчний барааны экспортын татварыг ОХУ-ын Засгийн газар нэмсэнтэй холбоотой аж. Ингэснээр татвар цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээний орлогоос давж байгаа тул ийм шийдвэр гаргах шаардлагатай болсон гэж "Интер РАО" холдингийн төлөөлөгч Александра Панина мэдэгдснийг бид дамжуулж байлаа.
Оросын компани Монгол руу эрчим хүч нийлүүлэхээ зогсооно
Энэ мэдээлэлд, "Интер РАО" холдинг үнэ нэмэх болсон талаараа гэрээт талууддаа урьдчилан мэдэгдсэн, нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрвөл нийлүүлэлтийг үргэлжлүүлнэ хэмээн онцолсон байв. Харин Оросын талаас нэмэгдсэн үнээр эрчим хүч нийлүүлэхийг БНХАУ зөвшөөрөөгүй аж. Newsweek сонины мэдээлснээр, "Интер РАО" холдингоос тавьсан үнэ нэмэх саналыг Хятадын тал зөвшөөрөөгүй тул энэ улс руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг бууруулж эхэлсэн гэнэ.
Манай улс руу цахилгаан эрчим хүч нийлүүлдэг Интер РАО холдинг үнэ нэмэх, энэ саналыг зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ зогсоох болсон мэдээлэл гарсны дараа Монгол Улсын Эрчим хүчний яамнаас тодруулахад "одоогоор мэдээлэл алга" гэсэн хариултыг өгч байв. Харин ОХУ-ын төрийн хэвлэл болох ТАСС агентлаг "Интер РАО" холдинг Монголтой тохиролцсон" гэж мэдээлжээ.
Энэ мэдээлэл 10 дугаар сарын гуравны өдөр ТАСС агентлагийн хуудсанд нийтлэгдсэн байна.
ТАСС агентлагийн мэдээлэлд "Интер РАО" холдинг Монголын талтай тохиролцож чадсан, энэ чиглэлд нийлүүлэлт үргэлжилж байна" хэмээжээ. "Монголтой бид амжилттай хэлэлцээ хийсэн. Монгол Улс үнэ нэмэх саналыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна" хэмээн "Интер РАО" холдингийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний экспортын татварыг нэмсний улмаас тус компани Хятад, Монгол, Азербайжан, Өмнөд Осети руу нийлүүлэх эрчим хүчний үнийг долоон хувиар нэмэхээр болсон юм. Нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ зогсооно гэж мэдэгдэж байсан бөгөөд Хятадын тал үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрөөгүй тул эрчим хүчний нийлүүлэлтийг зогсоожээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |