Нүүрээ будаагүй гоо бүсгүйг шалгаруулах тэмцээний ялагч тодорчээ
2023-10-04

Их Британийн Лондон хотод "Лондонгийн гоо бүсгүй" тэмцээний шувтаргын шат болж өнгөрчээ. Шувтаргын шатанд оролцогчид нүүрээ будалгүй тайзнаа гарсан гэж Daily Mail мэдээлсэн байна. 

 

Ялагч нь "Английн гоо бүсгүй" тэмцээнд оролцох "Лондонгийн гоо бүсгүй" тэмцээний шувтаргын шат энэ сарын эхээр болж, 26 настай шүдний эмнэлгийн сувилагч Наташа Бересфорд ялагчаар тодорчээ. 

 

Шувтаргын шатанд 18 гоо бүсгүй тунаж үлдсэнээс Наташа Бересфорд ялагч болж, "Английн гоо бүсгүй" тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

 

Тэмцээнийг зохион байгуулагчид 95 жилийн түүхэнд анх удаа оролцогчдыг нүүрээ будахыг хориглосон журмыг энэ онд гаргасан бөгөөд энэ нь бүсгүйчүүдийг нүүр будалт хийлгүйгээр өрсөлдөх журам гаргасан дэлхийн анхны тохиолдол юм.

 

Ийм өөрчлөлт хийх болсон нь бүх оролцогчид өөртөө итгэлтэй болж, байгалийн гоо үзэсгэлэнгээ гайхуулах боломжийг олгох гэсэнтэй холбоотой гэж тэмцээнийг зохион байгуулагчид хэвлэлийнхэнд ярьжээ. 2022 онд "Лондонгийн гоо бүсгүй" тэмцээнд оролцогчид мөн л нүүр будалт хийгээгүй, тусгай программаар засаагүй гэрэл зураг илгээх ёстой байв. 

 

Нүүрээ будаагүй бүсгүйчүүдийн тэмцээнд ялалт байгуулсан Бересфорд тэргүүн титмийг хүртсэндээ ихэд баярлаж байгаагийн дээр өөрийн жишээгээр бүсгүйчүүд нүүрээ будаагүй байсан ч өөрийгөө үзэсгэлэнтэй гэдэгт итгэх хэрэгтэйг ойлгуулахыг хичээж байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

 

Бүсгүй цаашид загварын ертөнцөд хөл тавихгүй, харин мэргэжлээрээ өсөж дэвшихийг хүсэж байгаа гэнэ. Түүнчлэн ядуус, орон гэргүй хүмүүс болон дүрвэгсдэд шүдний эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй үзүүлэх буяны үйлсэд оролцохоор зэхэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бараг монгол эмгэн энэнд ороод түрүүлэх байхаа
2023-10-04
будаагүй байхдаа сайхан бол жинхэнэ сайхан эмэгтэй. гэхдээ энэ хөмсгөө будсан байна сормуус ч гэсэн будагтай
2023-10-04