WSJ: АНУ туслахгүй бол Украин төрийн албан хаагчдынхаа цалинг олгож чадахгүй
2023-10-04

АНУ-ын Конгресс Украинд үзүүлэх ээлжит санхүүгийн тусламжаа батлахгүй бол Украины Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг олгож чадахгүй болох гэнэ. Энэ талаар Украин болон Америкийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар  The Wall Street Journal сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, АНУ-д төсөв батлахтай холбоотой хүндхэн нөхцөл байдал үүссэн нь Украинд төрийн албан хаагчдын цалин саатуулахад хүргэж болзошгүй гэж Украины Сангийн яам таамаглаж байгаа гэнэ. Украины Сангийн яам 10 дугаар сард хүрэлцэхүйц хөрөнгө мөнгөтэй байгаа ч АНУ-аас цаашид тусламж ирэхгүй бол төрийн алба хаагчдын цалинг бууруулах эсвэл зээл авах гэсэн сонголтын өмнө нүүр тулна гэж нэг эх сурвалж онцолжээ. Үүний зэрэгцээ АНУ тусламжаа зогсоовол Украинд таагүй уур амьсгал бий болж, Ерөнхийлөгч Зеленский сөрөг хүчний зүгээс хатуухан шүүмжлэлтэй тулгарч болзошгүй гэнэ.

 

The Wall Street Journal сонинд мэдээлэл өгсөн Америкийн албан тушаалтны өгүүлснээр, Украин өмнөх санхүүжилтийг зохих журмын дагуу ашигласан гэдгээ баталсан нөхцөлд Дэлхийн банкны хөтөлбөрөөр 1,15 тэрбум долларыг энэ сард багтаан олгох асуудлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хэлэлцэж байгаа аж. Харин цаашид санхүүжилт олгох эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. 

 

Украины 150 мянган албан хаагч, боловсролын байгууллагын 500 мянга гаруй ажилтны цалин, түүнчлэн эрүүл мэндийн салбараас эхлээд орон сууцны тэтгэмж зэрэг улсын олон зардал АНУ болон бусад хандивлагч орнуудын тусламжаас шууд хамаардаг гэж The Wall Street Journal сонин онцолжээ. 

 

Энд дуулгахад, 2024 оны санхүүгийн жилийн улсын төсвийг зөвшилцөж чадаагүй тул холбооны засгийн газрын үйл ажиллагааны түр төсвийг конгресс баталж, Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан юм. Энэ түр төсөвт Украинд үзүүлэх томоохон хэмжээний санхүүгийн тусламжийг сөрөг хүчний Бүгд Найрамдах намын санаачилгаар хассан. Хэдэн тэрбум доллараар хэмжигдэх санхүүжилтийг төсвөөс хассан нь Украинд эгзэгтэй байдлыг үүсгээд байгаа бол АНУ Украинд үзүүлэх тусламжаа дотооддоо хэрхэн тохиролцон шийдэж, хэзээ Украинд олгох нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
ану баян биш юм байна
2023-10-04