Нобелийн долоо хоногийн хүрээнд энэ жилийн Нобелийн шагналтнууд ээлж дараалан тодорсоор байна. Анагаах ухааны салбарын шагналтнаар коронавирусийн халдвартай хийх тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулж, mRNA вакцин бүтээх эхлэлийг тавьсан эрдэмтэд тодорсон бол 10 дугаар сарын гуравны өдөр 2023 оны Нобелийн физикийн шагналтан тодорлоо.
ВВС агентлагийн мэдээлснээр, энэ жилийн Нобелийн физикийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Пьер Агостини, Германы эрдэмтэн Ференц Крауз болон Шведийн эрдэмтэн Анн Л’Юйе нар хуваан эзэмшихээр болсон байна. Профессор Л’Юйе энэ жил Нобелийн шагнал хүртсэнээр энэ шагнал үүссэнээс хойших 120 жилийн түүхэн дэх Нобелийн физикийн шагнал хүртсэн тав дахь эмэгтэй, сүүлийн таван жилийн хугацаанд Нобелийн шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй болж байна.
Энэ оны шагналтнуудын нэрсийг зарлахдаа эрдэмтэд "атомын дотор тал руу харах" боломжийг олгосон хэт богино лазерын импульсийн технологийг боловсруулсныхаа төлөө энэ шагналыг хүртэж байгаа хэмээн Нобелийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга тайлбарлажээ.
АНУ, Герман, Шведийн дээрх гурван эрдэмтэн 2001 онд л нэг нэгнээсээ үл хамааран, шинжлэх ухааны шинэ чиглэл болон аттосекунд физикийн үндсийг тавьсан туршилтуудыг амжилдттай хийсэн байна.
Тэд энэ жил Нобелийн шагналыг дагалдаж ирэх 11 сая швед кроныг хуваан авах бөгөөд энэ шагналын дүнг монгол мөнгөөр тооцвол 3,8 тэрбум орчим төгрөг болж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |