Азербайжаны Аюулгүй байдлын ажилтнууд хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүсийг баривчилжээ. Энэ талаарх мэдээллийг Азербайжаны АПА агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Уулын Карабахын Ерөнхийлөгч байсан Аркадий Гукасян, Бако Саакян болон Араик Аратюнян нарыг баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэдний эсрэг ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар холбогдох албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Эргэн сануулахад, есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан олон мянган армени үндэстэн амьдардаг Уулын Карабахын нутаг дэвсгэр эдэр тусгаар тогтнолыг сэргээх цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Улмаар есдүгээр сарын 20-ны өдөр Уулын Карабахын эрх баригчид Азербайжаны тулгасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бууж өгсөн. Ингээд тус бүс нутагт амьдарч байсан армени оршин суугчид бүгд орон гэрээ орхин дүрвэсэн юм.
Есдүгээр сарын 27-ны өдөр Уулын Карабахын засгийн газрын тэргүүн асан, тэрбумтан Рубен Варданян Уулын Карабахыг орхин гарах гэж байх үедээ саатуулагдсан. Түүнийг терроризмыг санхүүжүүлсэн, хууль бус зэвсэгт бүлэглэл байгуулахад оролцсон зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж, хэрэг нээсэн байна. Үүний дараа, есдүгээр сарын 29-ний өдөр Уулын Карабахын армийн командлагч асан Левон Мнацаканян, Гадаад хэргийн сайд асан Давид Бабаян нарыг баривчилсан юм.
Бүгд Найрамдах Уулын Карабах Улс оршин тогтнохоо болино
Г.Бямбасүрэн
Уншиж байна |