АНУ-ын эрх баригчид сансарт хог хаясны төлөө компаниудад торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ нь дэлхийн түүхэнд анх удаа гарч буй шийдвэр юм.
ВВС агентлагийн мэдээлснээр, Холбооны холбоо харилцааны комисс Америкийн компаниас сансарт хог хаясны төлөө торгууль нэхэмжлэхээр болсон бөгөөд энэ компани 2002 онд хөөргөсөн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замаас гаргаагүйнхээ төлөө 150 мянган долларын торгууль төлөх юм байна. Энэ шийдвэр нь дэлхий орчмын оройн зайд үүссэн хог хаягдалтай тэмцэх ажилд дэвшилтэт алхам болж байна гэж комиссын төлөөлөгчид мэдэгджээ.
Торгууль төлөх үүрэг хүлээсэн компани 2012 онд хиймэл дагуулаа тойрог замаас гаргах амлалт өгч байсан гэнэ. 2022 онд аппаратаа тойрог замаас гаргах ажил эхлүүлсэн ч бүтэлгүйтэж, улмаар аппарат тойрог замд үлджээ.
Сансарын хог гэж юу вэ
Сансар руу нисгэсэн төрөл бүрийн аппарат ажиллах хугацаа нь дуусах, эвдрэх, дэлбэрэх, мөргөлдөх зэрэг олон шалтгааны улмаас сансарт хог хаягдал болон үлддэг. Хүн төрөлхтөн сансар эзэмшсэнээс хойших 60 жилийн хугацаанд энэ хог хаягдал улам нэмэгдсээр байгаа нь аюул занал дагуулж байгааг эрдэмтэд анхааруулдаг юм.
Эрдэмтдийн тооцоолсноор, одоо сансарт нэг миллиметрээс дээш хэмжээтэй 128 сая сансрын хаягдал, 10 сантиметрээс дээш хэмжээтэй 34 мянган хаягдал байгаа гэнэ. Харин нэг миллиметрээс доош хэмжээтэй хаягдлыг тоолох боломжгүй, ийм хэт жижиг хаягдал хэдэн их наядаараа ч цугласан байж болзошгүй гэж эрдэмтэд үздэг юм. Ойролцоогоор 3000 орчим хиймэл дагуул ашиглалтаас гарч, сансрын хаягдал болжээ.
Сансрын хог хаягдалтай тэмцэх нь ихээхэн чухал ажил болоод байгаа бөгөөд учир нь хэвийн ажиллагаатай хиймэл дагуул, сансарын аппаратууд хог хаягдалтай мөргөлдөж эвдрэх, сансрын станцыг зорьсон нисэгч бүхий пуужингууд мөргөлдөж осолдох, түүнчлэн сансарт хаягдсан хог хаягдлууд дэлхий дээр унах зэрэг олон аюулыг араасаа дагуулдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |