Армени Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын статутыг 10 дугаар сарын гуравны өдөр соёрхон баталснаар Орос энэ улсын эсрэг эдийн засгийн дайн дэгдээв. Учир нь энэ статутыг батласнаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд халтай нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Тодруулбал, энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах зөвшөөрөл өгсөн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын статутыг мягмар гарагт соёрхон батлав. Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменид айлчилсан тохиолдолд энэ улсын эрх баригчид олон улсын журмын дагуу Путинийг баривчлах нөхцөл үүсээд байгаа юм.
Үүнээс өмнө Армени Оростой харилцах цэргийн харилцаагаа таслах эрмэлзэлтэй байсан бөгөөд үүн дээр нэмээд Олон улсын эрүүгийн шүүхийн статутыг соёрхон батласнаар энэ хоёр орны харилцаа муудаж, Орос Арменийн эсрэг эдийн засгийн дайн дэгдээх эхлэл болов.
Ромын статутыг батласны дараахан л Армениас Оросыг чиглэсэн ачаа тээвэрлэгчид хил дээр олон асуудалтай тулгарсан гэж Арменийн Эдийн засгийн сайд ваан Кербоян мэдэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдал нь ОХУ руу нийлүүлж буй конъякийн чанарыг шалгах шаардлагаас үүдэлтэй гэж Оросын тал тайлбарлажээ. Ингэснээр, Орос, Гүржийн хил дээрх цорын ганц үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй Верхний Ларс боомт дээр ачааны машинуудын бөөгнөрөл үүссэн байна.
Орос дахь Арменийн Элчин сайдын яамны Худалдааны атташе Ваан Акопяны мэдэгдсэнээр, Арменийн талаас тээвэрлэлт хийсэн 60 машин Оросын хил дээр гацжээ. Оросын талын мэдэгдсэнээр чанарын үнэлгээ хийж дуусах хүртэл ачаатай машинуудыг гаргахгүй гэнэ.
Гэхдээ, гуравдугаар сард Путинийг баривчлах тогтоол гаргасан Гааг дахь Олон улсын шүүхийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг болох Ромсын статутыг Армени соёрхон баталсан өдөр хил дээр чанарын шалгалт нэрийн дор Арменийн тээвэрлэгчдийг оруулахгүй саатуулах нөхцөл байдал үүссэн нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Арменаи улс 10 дугаар сарын гуравны өдөр Олон улсын шүүхэд нэгдсэн 124 дэх орон болсон. Энэ статутыг батлах шийдвэр нь Уулын Карабах дахь үйл явдлыг шалгахад шаардлагатай тул ийм алхам хийхээс аргагүй гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдэж байв. Мөн Олон улсын шүүхэд нэгдсэнээр Арменийн аюулгүй байдлыг хүчирхэгжүүлнэ, харин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага өөрийн хүлээсэн үүргийг биелүүлээгүй биелүүлэх ч үгүй байна гэж Пашинян цохон тэмдэглэж байлаа. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь Орос, Армени, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикистаныг багтаасан, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах байгууллага юм.
Армени Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын статутыг соёрхон батлах болсон тухай мэдээлэл гарсан даруйд Оросын тал эрс эсэргүүцэж, Путинийг баривчлах тогтоол гаргасан Олон улсын эрүүгийн шүүхэд нэгдэх нь байж болшгүй зүйл гэж Арменид анхааруулж байв.
Харин Арменийн тал Ромын статусыг соёрхон баталсан ч Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолын дагуу Владимир Путинийг баривчлах "эрмэлзэл болон хүсэл байхгүй" гэж Арменийн парламентын дэд дарга Акоп Аршакян мэдэгдсэн байна.
Хэдийгээр Арменийн тал Путинийг баривчлахгүй гэж мэдэгсдэн ч энэ статутад нэгдэж байгаа нь Арменийн зүгээс Орост хандаж буй "нэн дайсагнасан үйлдэл" гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |