Хонконгийн эрх баригчид аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлж, жуулчдыг татахын тулд өгөөмөр санал тавьж байгаа талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконгийн эрх баригчид тус хотод ирсэн жуулчдад шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх тасалбар бэлэглэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ийм тасалбар нэг сая жуулчинд тараахаар зэхэж байгаа аж. Хонконгийг зорьсон жуулчид нисэх буудал дээрээс л ийм бэлэгтэйгээр хот руу орох юм байна.
Хонконгийн аялал жуулчлалын салбарын статистик мэдээнээс харахад 2023 онд жуулчдын урсгал 84 хувиар нэмэгдсэн ч зоогийн газрын салбараар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдээгүй, энэ салбарынхны орлого буурч байгаа аж. Тиймээс энэ байдлыг засахын тулд нэг сая жуулчинд тасалбар бэлэглэхээр болжээ.
Эрх баригчдын санаачилсан "Night Vibes Hong Kong" нэртэй хөтөлбөрт энэ хотын 500 шөнийн цэнгээний газар оролцох юм байна. Хөтөлбөр гурван сарын хугацаанд үргэлжилж, хөтөлбөрийн хүрээнд тасалбар авсан жуулчид автобусаар аялж, кинотеатр, музей, цэнгэлдэх хүрээлэн үзэхийн дээр 18.00 цагаас хойш энэ тасалбараараа зоогийн газар, уушийн газарт төлбөр хийж болох аж.
Г.Бямбасүрэн