Сүүлийн үед дэлхийн олон оронд ажил, хичээлийн үеэр түр унтаж амрах нь эрүүл мэндэд ашигтай гэж үзэн, энэ тал дээр олон арга хэмжээ авах болсон. Тухайлбал, Хятадын сургуулиудад эвхэгдэн ор болдог сурагчдын ширээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр сурагчид хичээлийн дундуур унтаж амран, улмаар сурлагын амжилтыг дээшлүүлэх боломжтой болсон байна. Харин хөдөлмөрч, олон цагаар ажилладаг гэдгээрээ алдартай япончууд ажлын цагаар ажил дээрээ зүүрмэглэхэд туслах дэр бүтээжээ.
Тодруулбал, Японы Atex Co компани ажлын өрөөндөө түр унтаж амрахад туслах дэр зах зээлд нийлүүлсэн байна. Энэ дэрийг ширээн дээрээ тавих бөгөөд хүн унтахдаа бөхийх үед нүүр болон цээжнээс нь тулж өгөх аж. Мөн дэрэнд тодорхой хугацааны дараа хүнийг сэрээх чичигээт сэрүүлэг суурилуулжээ.
Дэр голдоо нүхтэй, энэ хэсэгт нүүрээ байрлуулснаар чөлөөтэй амьсгалах, нүүрэн дээр мөр үлдэхээс зайлсхийх боломжтой аж. Энэ дэр 24 см өргөн, 31 см урттай, дэрний өнцгийг 10-45 градус хүртэл гурван түвшинд тохируулах, харин сэрүүлгийг 60 хүртэлх минутын хугацаатайгаар тохируулах боломжтой гэнэ.
Энэ дэр бэлнээр худалдаанд гараагүй, урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд төлөвлөж байснаас ч хавьгүй их захиалга хүлээн авсан гэж компанийнхан мэдэгдсэн байна. Ажил дээрээ унтаж амрахад туслах энэ дэр 10 дугаар сарын дунд үеэс эхлэн дэлгүүрүүдээр 8800 иен (shuud.mn: монгол мөнгөөр 237 мянган төгрөг орчим)-ий үнэтэйгээр зарагдах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |