Америкийн Чикаго хотын оршин суугч эмэгтэй шүхрээр буусан хамгийн ахмад хүн гэж Гиннессийн дээд амжилтын номонд бичигдэж магадгүй талаар МИР24 суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Чикаго хотын оршин суугч 104 настай Дороти Хоффнер Чикагогийн нисэх буудал дээр алхуулагчтай ирж, онгоцны хажууд энэ хэрэгслээ үлдээсэн байна. Зааварлагчид ахмад настныг онгоцонд суухад нь туслан, улмаар тэд онгоцтойгоо дөрвөн километрийн өндөрт гарчээ. Ингээд 4100 метрийн өндрөөс Дороти туршлагатай шүхэрчин Дерек Бакстерын хамт шүхрээр үсэрсэн байна.
Шүхэрчин Бакстерын өгүүлснээр, ахмад настан үсрэхийн өмнө тайван, өөртөө итгэлтэй байсан гэнэ. Хоффнер шүхрээр газардсаныхаа дараа гайхалтай мэдрэмж авснаа ярьжээ.
"Нас бол ердөө л тоо" хэмээн сэтгүүлчдэд ярьсан Дороти Хоффнер дараагийн удаад агаарын бөмбөлгөөр аялах хүсэлтэй байгаа гэнэ.
Одоо тэрбээр дэлхийн хамгийн ахмад шүхэрчин гэж Гиннессийн дээд амжилтын номонд бүртгүүлнэ хэмээн найдаж байгаа аж. Одоогоор шүхрээр үсэрсэн хамгийн ахмад настай хүн гэсэн дээд амжилтыг Шведийн оршин суугч Линни Ларссон эзэмшдэг юм. Тэрбээр 2022 онд 103 настайдаа шүхрээр бууж, Гиннессийн номонд бичигдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |