Туркэд Курдистаны ажилчны намтай холбоотой хэмээн үзэж 90 хүнийг баривчилжээ
2023-10-03

Туркийн Аюулгүй байдлын хүчин тус улсад алан хядагч байгууллага гэж тооцогддог Курдистаны ажилчны намын үйл ажиллагаанд хамааралтай гэж сэжиглэн 90 хүнийг баривчилжээ. Энэ талаар Анадолу агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдөр Анкара хотод Дотоод хэргийн яамны барилгын гадаа алан хядах ажиллагаа болж, энэ хэргийн хариуцлагыг Курдистаны ажилчны нам өөр дээрээ авснаас үүдэн терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ. Энэ ажиллагааг Туркийн 18 бүс нутагт явуулж, нийт 90 хүнийг баривчилсан байна.

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын нэгний өдөр Анкара хотод Дотоод хэргийн яамны барилгын гадна алан хядах ажиллагаа үйлдэх оролдлого гарсан юм. Тухайн үед нэг алан хядагч өөрийгөө дэлбэлсэн бол нөгөө нь цагдаагийнхантай буудалцаж, улмаар цагдаагийнхан хоёр дахь алан хядагчийг устгасан. Энэ хэргийн хариуцлагыг Курдистаны ажилчны нам өөр дээрээ авсны дараа энэ намын дайчид хяналтаа тогтоосон бүс нутагт Туркийн Агаарын хүчин цохилт өгч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин