COVID-19-ийн эсрэг вакцин бүтээгчид Нобелийн шагнал хүртэв
2023-10-03

Аравдугаар сарын хоёрны өдөр Стокгольм хотноо анагаах ухаан, физиологийн салбарын шагналтныг нэрлэснээр Нобелийн долоо хоног эхэллээ.

 

Энэ жилийн Нобелийн шагналын анагаах ухаан, физиологийн сахлбарын шагналыг mRNA дээр суурилсан шинэ төрлийн вакцин бүтээх боломж олгосон нээлтийнхээ төлөө Унгарын эрдэмтэн Каталин Карико болон АНУ-ын эрдэмтэн Дрю Вайсман нар хүртсэн байна. Коронавирусийн цар тахал дэгдсэн хоёр жил гаруйн хугацаанд mRNA вакциныг коронавирусийн халдварын эсрэг ашигласнаар олон сая хүний амь насыг аварсан тул эдгээр эрдэмтдэд энэхүү хүндтэй шагналыг олгожээ. 

 

Өнгөрсөн жил анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг хүний хувьсал, мөхсөн гоминид геномыг судалсан Шведийн генетикч Сванте Паабо хүртэж байв.

 

Хүлээн зөвшөөрөгдсөн гавьяа

 

Ковидын цар тахлыг туулаад удаагүй байгаа хүн төрөлхтөн mRNA вакцины технологийг боловсруулсан эрдэмтдэд Нобелийн шагнал гардуулахыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө, тэдэнд шагнал гардуулах нь цаг хугацааны асуудал байсныг мэдэж байсан гэж ВВС агентлаг онцолсон байна.

 

Дэлхий даяар коронавирусийн халдварын давалгаа тархаж байхад гагцхүү энэ технологи цар тахлыг хазаарлаж, коронавирусээс сэргийлэх үр дүнтэй, аюулгүй эм бэлдмэлийг богино хугацаанд бүтээхэд тусалсан юм. Өнөөдөр mRNA вакцинаар дэлхийн бүхий л хөгжингүй орнуудад иргэдээ дархлаажуулалтад хамруулж байна. Энэ технологоор бүтээсэн вакцинд нэг тэрбум орчим хүн хамрагджээ.

 

Одоогоос гурван жилийн өмнө Хятадад үл мэдэгдэх өвчин дэгдэж, цаашлаад дэлхий даяар тархан, энэ нь коронавирусийн халдвар гэх шинэ өвчин гэдэг нь тогтоогдох үед энэ өвчнийг эмчлэх эм , сэргийлэх тарилга гэж байсангүй. Харин асар богино хугацаанд эрдэмтэд эм, урьдчилан сэргийлэх тарилга гарган авахаар цаг наргүй ажилласны дүнд mRNA технологийг гарган авснаар дэлхий даяар олон сая хүний амийг аварсан юм.

 

Шагналын түүх 

 

1901 оноос хойш анагаах ухаан, физиологийн салбарт нийтдээ 112 удаа Нобелийн шагнал олгож, энэ шагналыг 224 хүн хүртжээ. Нобелийн сангийн дүрэмд тусгаснаар, хоёр эрдэм шинжилгээний ажилд шагнал олгож болох бөгөөд аль аль нь шагнагдахуйц хэмжээний үнэ цэнэтэй бол шагналыг эн тэнцүү хуваан олгодог аж. Нобелийн шагнал хүртэх эрдэм шинжилгээний ажил нь хоёр эсвэл гурван зохиогчтой бол тэд хамтдаа энэ шагналыг хүртэнэ. Тиймдээ ч 112 удаа шагнал олгоход 224 хүн шагналтан болжээ. 

 

Нобелийн шагналын түүхэнд анагаах ухааны салбарын шагналыг ганцхан хүн хүртсэн 39 тохиолдол, хоёр хүн шагналаа хуваасан 34 тохиолдол, гурван эрдэмтэн шагналаа хуваасан тохиолдол 39 байдаг аж.

 

Анагаах ухаан, физиологийн салбарын шагналтан тодроогүй он жилүүд ч бий. Тодруулбал, 1915-1918, 1921, 1925, 1940-1942 онуудад нийтдээ есөн удаа энэ шагналыг олгоогүй байна. Нобелийн хорооны дүрэмд зааснаар, нэр дэвшсэн ажлууд тэргүүлэх зэргийн, хосгүй бүтээл биш гэж шинжээчид үзвэл шагналын санг дараа жил хүртэл хадгалдаг аж.

 

Нобелийн анагаах ухаан, физиологийн салбарын шагнал хүртсэн хүмүүсийн дунд 12 эмэгтэй бий. Тэднээс гагцхүү Барбара Мак-Клинток 1983 онд энэ шагналыг хамтран зохиогчгүй, ганцаараа хүртэж байжээ. Өнөөдрийг хүртэл энэ шагналыг хүртсэн хамгийн залуу эрдэмтэнд Фредерик Г.Бантинг тооцогддог юм. Тэрбээр 1923 онд 32 настайдаа Нобелийн шагнал хүртэж байжээ. Харин хамгийн ахмад эрдэмтэн нь 1966 онд 87 настайдаа Нобелийн шагнал хүртсэн Пейтон Роус юм.

 

Энд сонирхуулахад, Австрийн неврологч, психоанализын үндэслэгч Зигмунд Фрейд анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналд 32 удаа нэр дэвшсэн ч нэг ч удаа хүртээгүй аж. Түүнчлэн 1936 онд түүнийг Нобелийн утга зохиолын салбарын шагналд ч нэр дэвшүүлж байжээ.

 

Нобелийн хорооны дүрмийн дагуу нэр дэвшигчдийн нэрсийг 50 жилийн хугацаанд нууцалдаг, тиймээс энэ жил ямар хүмүүс нэр дэвшсэн талаарх мэдээллийг бид хагас зуун жилийн дараа л мэдэх боломжтой юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
estoi gaihamshigtai amjilt gargasand bayar hyrgej amjilt hysie.manai erdemted bas sain ajillasan shinjilgee avch bololtsoogooroo ajillaj bsn
2023-10-03