Испанид гашуудал зарлажээ
2023-10-02

Испанийн Мурси хотод байх шөнийн цэнгээний газарт гал түймэр гарсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулсан байна. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, шөнийн цэнгээний газарт гарсан гал түймрийн улмаас 13 хүн амиа алдсан бөгөөд галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.

 

Гал түймэр зэрэгцээ орших гурван цэнгээний газрыг хамарсан тул чухам хаанаас эхэлж гал гарсныг тогтооход хугацаа хэрэгтэйн дээр галын улмаас барилгын дээвэр нурсан нь хохирогчдыг эрэн хайх ажилд саад болж байгаа гэж Испанийн шуурхай албаныхан мэдээлжээ.

 

Испанийн La Verdad de Murcia сонины мэдээлснээр, гал эхэлж байх үед тухайн шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан 28 настай эмэгтэй ээждээ "Ээж ээ, хайртай шүү, бид удахгүй үхэх нь "  гэсэн үгстэй дуут мессеж явуулсан байна. Энэ бүсгүй найзуудынхаа хамт зэргэлдээ хотоос ирж шөнийн цэнгээний клубээр үйлчлүүлж байсан бөгөөд түүний амьдардаг хотод цэнгээний газар байдаггүй, ердөө хоёр дахь удаагаа ирж үйлчлүүлж байсан нь энэ гэж бүсгүйн аав сэтгүүлчдэд өгүүлжээ.

 

Мурси хотод эмгэнэлт хэрэг гарсны улмаас хотод гашуудал зарласан байна. Ням гарагт гарсан энэ гал тус улсад сүүлийн 30 гаруй жилд шөнийн клубт гарсан хамгийн аймшигтай гал түймэрт тооцогдож байгаа юм.  Хамгийн сүүлд, 1990 онд Сарагос дахь шөнийн клуб шатсаны улмаас 43 хүн амиа алдсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин