ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу саяхан яамныхаа хурал дээр үг хэлж, Украины эсрэг Оросын дайн үргэлжлэх хугацаа, үр дүнгийн талаарх таамаглалыг танилцуулжээ.
BAZA сайтын мэдээлснээр, Оросын эрх баригчид 2025 онд "зорилгодоо хүрнэ" гэж тооцоолж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ, Оросын эрх баригчид цөмийн цохилт ирж болзошгүй гэж үзэн бэлдэж эхэлсэн бөгөөд зарим бүс нутагт атомын дэлбэрэлт болсон нөхцөлд хэрхэн ажиллахаа тогтохын тулд иргэний хамгаалалтын сургуулилалт хийхээр зэхэж байгаа гэнэ.
Нэрээ нууцалсан эх сурвалжуудын өгүүлснээр, 2023 оны 10 дугаар сарын гуравны өдөр энэ сургуулилалт эхэлж, Оросын бүхий л нутаг дэвсгэрийг хамрах аж. Өмнө нь ОХУ энэ төрлийн сургуулилалтыг гагцхүү тодорхой бүс нутгуудад хийж байсан бол энэ удаад бүхий л нутаг дэвсгэр даяар нэгэн зэрэг сургуулилалтыг эхлүүлэх гэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Болзошгүй цөмийн дайнд бэлтгэх сургуулилалтын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд үйл явдлын нөхцөлийг тодорхойлсон байна. Ийм нөхцөлүүдийг тодорхойлсон баримт бичигт өгүүлснээр, цөмийн дэлбэрэлтийн улмаас орон сууцны сангийн 70 хувь, дэд бүтэц бүрэн сүйдсэн, харин зарим газарт их хэмжээний радио идэвхит бодисын бохирдол үүссэн үед хэрхэн арга хэмжээ авах талаар бичжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |