Чилид хар тамхины наймаачдыг оршуулах ёслолыг үндэсний хэмжээнд зохион байгуулахыг хоригложээ. Ийм зарлигт Чилийн Ерөнхийлөгч Габриэл Борич гарын үсэг зурсан гэж Canal13 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Чилид хар тамхины наймаачдыг оршуулахдаа өргөн цар хүрээтэй, хэдэн өдөр үргэлжлэх ёслол зохион байгуулж, ёслолын үеэр буудлага хийх нь түгээмэл байдаг гэнэ.
"Салах ёс хийх арга хэмжээ зохион байгуулахын тулд бүх л дүүргийг хааж, тээврийн хэрэгсэл, хүмүүсийн хөдөлгөөнийг хаадаг нь байж болшгүй хэрэг. Ийм үйлдлээр айдас төрүүлж, сургуулиудыг хаадаг үзэгдэл цаашид давтагдах ёсгүй" гэж Чилийн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Ийм хориг тавьснаар зөвхөн оршуулгын газар эсвэл чандарлах газрын нутаг дэвсгэр дээр л оршуулах ёслолыг зохион байгуулах бөгөөд ийм ёслолын ажиллагаа дээд тал нь 24 цаг үргэлжлэхээр заасан байна.
Чилийн Ерөнхийлөгч Боричийн мэдэгдсэнээр, 2019 оноос хойш энэ улсад 1736 хар тамхичны оршуулга болжээ. Энэ хугацаанд хар тамхины наймаачдын оршуулах ёслолд оролцож байсан 1300 хүнийг баривчилсан байна. Чилийн хар тамхины бүлэглэлийнхэн нөлөө бүхий нэгнээ оршуулахдаа гэмт хэргийн бүлэглэл олноороо цуглан, гудамжинд буу буудаж, пиротехникийн хэрэгсэл ихээр ашигладаг аж.
Энэ байдал хэвийн үзэгдэл болж, нутгийн оршин суугчдын өдөр тутмын соёлд нэвтрэх нь байж болшгүй хэрэг, тиймээс үүнтэй тэмцэх ёстой гэж Борич мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |