Зүүн болон Хойд Европын хэд хэдэн орон Орос, Украины дайн өрнөж байгаа энэ үед аюулгүй байдлаа хамгаалах үүднээс тав дахь үеийн F-35 онгоц худалдан авах нь эрс нэмэгджээ.
Америкийн ийм онгоцноос 24-ийг авахаар болсон талаараа есдүгээр сарын 27-ны лхагва гарагт Чехийн Ерөнхий сайд Петр Фиала мэдэгдсэн юм. АНУ-аас сөнөөгч онгоц авахын тулд ойролцоогоор 150 тэрбум крон буюу 6,5 тэрбум доллар зарцуулах бөгөөд эхний ээлжийн онгоцуудыг 2029 он гэхэд хүлээн авах гэнэ. Цаашлаад 2031-2035 онуудад үлсдэн онгоцуудыг Чех рүү нийлүүлэх аж.
Үүнээс өмнө Румын АНУ-аас тав дахь үеийн сөнөөгч онгоцууд худалдан авах төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж байв.
Тодруулбал, тав дахь үеийн F-35 онгоцны 48 нэгжийг АНУ-аас худалдан авах эрмэлзэлтэй байгаа бөгөөд Румыний Батлан хамгаалах яам холбогдох хүсэлтийг парламентдаа илгээжээ. Эхний ээлжийн 32 онгоцыг авахын тулд 6,14 тэрбум евро зарцуулах бол үлдсэн 16 онгоцыг хожим авахаар төлөвлөсөн байна. Энэ нь тус улсын түүхэнд асар их мөнгөөр зэвсэг авч буй анхны тохиолдол юм.
Түүнчлэн Польш улс ч АНУ-аас сөнөөгч онгоц авах хэлэлцээр байгуулсан. Польш 32 сөнөөгч онгоц авахаар АНУ-тай тохиролцсон бөгөөд эхний ээлжийн онгоц 2024 он гэхэд Польшид ирэх аж.
Өмнө нь, Финланд улс ч 64 сөнөөгч онгоц худалдан авахаар болсон юм. АНУ-тай тохиролцсоны дагуу 10 тэрбум еврогоор авах онгоцуудын эхний ээлж 2026 оноос эхлэн Финландад очих бол Дани улс өмнө нь тохиролцсоны дагуу эхний ээлжийн дөрвөн сөнөөгч онгоцыг есдүгээр сарын 14-нд хүлээн авч байв. Энэ улс нийтдээ 27 онгоц худалдан авах бөгөөд сүүлийн онгоц 2027 онд ирэх аж.
Норвеги улс ч мөн F-16 онгоцоо F-35 онгоцоор сольсон. 2018 онд АНУ-тай гэрээ хийж, 10 тэрбум доллараар 52 сөнөөгч онгоц худалдан авахаар болсон бөгөөд жил бүр зургаан шинэ сөнөөгч онгоц хүлээн авах гэрээтэй аж. Ингэснээр 2025 он гэхэд бүх сөнөөгч онгоцыг хүлээн авах юм байна.
Дээр өгүүлсэн орнууд нь бүгд НАТО-ийн орнууд бөгөөд ингэснээр Оросын хилийн ойролцоо 247 сөнөөгч онгоц байршихаар болж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |