Оросын жуулчин Юрий гэх эр Минскийн нисэх буудал дээр хоёр сар гаруй хугацаанд амьдарч байгаа талаар "Tourdom" мэдээлжээ. Тэрбээр Москвагаас Беларусьт ирсэн бөгөөд тэндээсээ Турк нисэх зорилготой байсан гэнэ. Гэвч ачааны жин хэтэрч, тэрбээр хэтэрсэн жингийн төлбөр төлөх боломжгүй байсан тул түүнийг онгоцонд суулгаагүй аж.
Энэ түүх "Терминал" киног санагдуулж байгаа ч Оросын жуулчин Юрийгийн хувьд бичиг баримт зохих шаардлагыг хангаж байгаа гэнэ. Хууль сахиулагчид түүний бичиг баримтыг хэдэнтээ шалгасан ч ямар ч зөрчил олоогүй байна. Юрий заасан жингээс хэтэрсэн ачааны төлбөрийг төлж чадаагүй, тиймээс тэтгэвэр нь картанд орохыг хүлээж, мөнгөтэй болсон хойноо Стамбул руу нисэхээр шийдсэн гэж тайлбарлажээ.
Ингээд 50 настай орос жуулчин нисэх буудалд амьдарч, энэ хугацаанд нисэх буудлын ажилчид түүнд туслаж, хоол хүнс авч өгөн, хоноглох хэсэг зааж өгсөн аж. Түүний талаар хэвлэлүүдээр гарсны дараа Оросын Дотоод хэргийн яамны ажилтнууд жуулчны ар гэрийнхнийг хайж олсон бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг гэртээ харихад нь туслахаар болжээ.
Орос жуулчин эр энэ хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ холбогдоогүй, юу тохиолдсон талаараа ч яриагүй байсан аж. Харин ар гэрийнхнийх нь өгүүлснээр, Юрий өмнө нь ч хилийн чанадыг зорьж, хэсэг хугацаанд нисэх буудал дээр амьдарч байсан гэнэ.
Г.Бямбасүрэн