Таиландын Ерөнхий сайд болон Сангийн сайдын алба хашдаг Сеттха Тхависин сар бүрийн цалин болон шагналаа буяны сангуудад хандивлахаар шийджээ. Энэ талаар Таиландын засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Чай Ватчаронг мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
"Ерөнхий сайд буяны үйл ажиллагааг дэмждэг, өөрийн жишээгээр үүнийг харуулж байна. Ерөнхий сайд, сангийн сайдын бүхий л цалин, нэмэлт цалингууд буяны сангууд руу шилжүүлнэ" хэмээн хэвлэлийн нарийн бичгийн дарга өгүүлжээ. Ерөнхий сайд болон Сангийн сайдын албыг давхар хашдаг Тхависин сард нийтдээ 125,6 мянган бат буюу монгол мөнгөөр 11,8 сая төгрөгтэй дүйхүйц хэмжээний цалин авдаг аж. Ерөнхий сайдын цалин сар бүр шилжин орох анхны буяны байгууллага нь Хүүхдэд туслах сан болжээ.
Тхависин наймдугаар сарын 22-ны өдөр Таиландын Ерөнхий сайдаар томилогдсон. Тэрбээр улс төрд орохоосоо өмнө Таиландад алдартай бизнесмен байжээ. 1986 онд Таиланд дахь Procter&Gamble компанийн үйлдвэрлэлийн туслахаар ажилд орж, тэндээ дөрвөн жил ажиллаад дараа нь үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллах болж, хожим нь энэ компанийн ерөнхий захирал болсон байна. Тхависин сонгуулиас өмнө хууль зөрчихгүйн тулд компанийнхаа хувьцаанаас татгалзаж, албан тушаалаа орхиж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |