Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус зөвлөгөөний гол агуулга болох “Тэвчээрийн тог тасарлаа” илтгэлийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор тавилаа.
Тэрбээр “Манай салбарын ажилчдын тэвчээрийн тог тасрахад ойрхон байна. Энд ирсэн бүх хүн цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа байх.
Эрчим хүчний салбарынхан 2014 онд дундажаар 895 мянган төгрөгийн цалинтай байсан. Тухайн үед уул уурхайн салбарынхан 1.5 сая төгрөгийн дундаж цалинтай байжээ. Энэ үед улсын дундаж цалин 796 мянган төгрөг байсан.
2023 оны эхний хагас жилд уул уурхайн салбарынхны цалин 4.6 сая төгрөг болсон бол эрчим хүчний салбарынхан дундажаар 2.2 сая төгрөгийн цалин авч байна.
2014 онд уул уурхайн салбартай харьцуулахад 73.2 хувиар бага цалин авч байсан бол 2023 онд 207.4 хувь болж өссөн. Тэгэхээр манай салбарынхан уул уурхай руу явах нь зүй ёсны хэрэг.
Сүүлийн үед Хэмнэлтийн хууль, ковидтой холбоотойгоор нийгмийн асуудал зогссон. 2019 онд 333 ажилтны нийгмийн асуудлыг шийдэхэд 5.7 тэрбум төгрөг зарцуулж байсан. Харин 2022 онд салбарын хэмжээнд 57 ажилтанд 893.9 сая төгрөг болж огцом буурсан.
Улсын хэмжээнд жилд 400 орчим үйлдвэрийн осол гардаг. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар Монгол Улсад 142 үйлдвэрийн осол бүртгэгдсэн. Үүний 30 нь уул уурхай, 5 нь эрчим хүчний салбарт гарсан байна.
Сүүлийн 9 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 82 осол бүртгэгдэж, 35 хүн гэмтэж, 16 хүн нас барсан. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд ослын тоо буурч байгаа ч хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдах, нас барах тохиолдол өндөр байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зориулсан зардал 2015 оноос хойш өсөөгүй. Салбарын хүний нөөц нэмэгдсэн ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зориулсан зардал өсөөгүй. Сүүлийн хоёр жилд 7.3 тэрбум төгрөгийг хөдөлмөр хамгааллын зардалд зарцуулсан. Харин үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүст 2022 онд 300-аад сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон.
Эрчим хүчний салбарын алдагдлын ажилтан үүрэх ёсгүй” гэв.
Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифийн газрын дарга Д.Эрдэнэбулган: Манай компанид боловсон хүчний өөрчлөлт их явагдаж байгаа. Сүүлийн гурван жилд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан хүний тоо нэмэгдсэн. 2021 онд 69 хүн гарсан бол 2022 онд 153 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 2023 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 113 хүн ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Цалин хөлсөө нэмэгдүүлэх, уул уурхай, гадаад улсуудад ажиллаж, суралцах шалтгаанаар ажлаас гарч байна.
Эрчим хүчний үнэ тарифийг төрөөс барьж байгаа учраас цалин хөлсөө нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэр олдохгүй байна. Төрөөс эрчим хүчний үнэ тарифийг чөлөөлж өгвөл эрчим хүчний компаниуд цалин хөлснийхөө асуудлыг дорвитой шинэчилж, тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрдэнэ.