АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр зэхэж байгаа улс төрчид ээлж дараалан Мичиганыг зорьж, тэнд ажил хаялт зарласан автомашины үйлдвэрийн ажилчидтай уулзан, улс төрийн оноо авахаар хичээж байна.
АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден есдүгээр сарын 26-ны өдөр Мичиганд очиж, ажил хаялт зарласан ажилчидтай уулзан, тэднийг дэмжиж, тэмцэлд нь нэгдэж байгаагаа илэрхийлснээр АНУ-ын түүхэнд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажил хаялтад нэгдсэн ажилчдын тэмцлийг дэмжсэн анхны Ерөнхийлөгч болж байв. Түүнийг ажилчидтай уулзсанд хүн бүр дуртай байгаагүй, ажил хаялт зарласан ажилчдын төлөөлөл тэдний тэмцлийг улс төрийн оноо авах зорилгоор ашиглаж болзошгүй гэсэн байр суурьтай байгааг ВВС дамжуулж байлаа.
Үнэхээр ч олон мянган ажилчны тэмцлийг улс төрийн дэмжлэг авах зорилгоор ашиглах зорилготой хоёр дахь улс төрч Мичиганд очжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп бөгөөд тэрбээр ажилчидтай уулзах үеэрээ Байденыг шүүмжилсэн талаар NBC мэдээлжээ. Автомашины салбарынхан ажил хаялт зарласан Мичиган мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Байден болон түүний хүрээлэл АНУ-ыг цахилгаан машинд шилжүүлэх бодлогоороо улс орныг нурааж байна хэмээн Трамп мэдэгдсэн байна.
"Шударга бус Жо Байден бусдын хамт автомашины үйлдвэрлэл болон улс орныг сөнөөж байна. Тэр та бүхнийг Хятадад болон хэт даврагч байгаль хамгаалагчдад зарж байна" хэмээн Трамп мэдэгджээ.
Энд дуулгахад, Мичиганд 19 мянган ажилчин үйлдвэрлэлийн ажиллагааг зогсоож, автомашин үйлдвэрлэгчдээс хөдөлмөрийн хөлсийг нэмэх, хөнгөлөлт олгох, тэтгэврийн хөтөлбөр болон бусад нөхцөлийг сайжруулахыг шаардан ажил хаялт зарласан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |