Их Британид хараагүй сүйт бүсгүй өөрийг нь юу мэдэрдгийг зочдодоо ойлгуулахын тулд хуримын ёслолынхоо үеэр зочдын нүдийг боожээ. Энэ түүхийн талаар Metro сонин мэдээлсэн байна.
Өдгөө 27 настай Люси Эдвардс удамшлын ховор арьсны өвчний улмаас 11 настайгаасаа хараа нь эрс муудаж эхэлжээ. Улмаар бүрэн хараагүй болохоосоо өмнөхөн, 2015 онд Олли Кейвтэй танилцсан байна. Улмаар тэд 2018 онд, бүсгүйг бүрэн хараагүй болсон хойно сүй тавьсан аж.
"Бид танилцах үед би хараатай байсан. Гэхдээ нэг л өдөр би хараагүй болох аюулыг хэн хэн нь мэдэж байсан. Гэлээ ч ийм зүйл болохгүй байх гэж найдан, хуримаа хийхдээ хараагүй сүйт бүсгүй болчихно гэж огт бодоогүй байсан" хэмээн Люси ярьжээ.
Улмаар тэд 2023 оны наймдугаар сарын 31-ний өдөр хуримаа хийсэн байна. Люси анхандаа найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг хуримын даашинзтайгаа тайзны гол хэсэг рүү алхахыг хараасай гэж хүсэж байсан ч дараа нь бодлоо өөрчилжээ. Тэр өөрийнх нь мэдрэмжийг бусад нь ч гэсэн ойлгоосой гэж хүссэн байна.Ингээд бүх зочдынхоо нүдийг боожээ.
"Бид бүгд нүдээ боох мөч миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг байсан. Бидний хувьд энэ мөчийг адилхан мэдрэх нь чухал байсан юм. Хүмүүс богинохон ч гэсэн хугацаанд Люсигийн ертөнцийг мэдэрсэнд баяртай байна" гэж Люсигийн нөхөр Олли өгүүлжээ.
Инфлүнсер, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, тэдний асуудлыг нийгэмд гаргаж тавьдаг идэвхтэн болох Люси ийнхүү хуримаа хийхдээ ч эрүүл хүмүүсийг хараагүй хүмүүсийн ертөнцөөр түр зуур ч гэсэн хөтлөж, тэд түүнийг болон бусад хараагүй хүмүүсийг бага ч атугай ойлгодог болсонд баяртай байгаагаа ярьсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |