Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцож, нийт бүрэлдэхүүнд хандан амжилт хүссэн юм.
ОБЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, орон нутгийн Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн чиг үүрэг, ослын үеийн удирдлагын тогтолцоо, ажиллагааны удирдлагын чиг үүрэг, нөхцөл байдлын үнэлгээ, ослын удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалт, гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах, олон нийттэй харилцах аргазүй, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, аврах, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.
Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүн болон зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний 345 гаруй алба хаагчид танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм.
Түүнчлэн энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг аргазүйн хувьд 30 хувийн онол, 70 хувийн дадлага сургууль гэсэн харьцаатай, биеэр хийж гүйцэтгэх, туршиж үзэх, улмаар хэвшүүлэх бодлого, зорилгын хүрээнд зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |