Нүүрсний гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Шүүх хуралдааны өмнө УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Би нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ онцолж хэлье. Энэ талаар удаа дараа мэдэгдэл хийсэн, өнөөдөр ч давтаж хэлье.
Би өнгөрсөн бүхий л хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд ямагт хатуу зогсож, зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас их олон хүний эрх ашгийг хөндөж, олон дайсантай болсон байна. Өнгөрсөн олон сарын хугацаанд намайг нүүрсний хулгайч мэтээр гүтгэж, доромжилж, олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Энэ асуудлыг зохион байгуулалттайгаар өндөр авахуулж, шүүхээр оруулахаас аргагүй нөхцөл байдалд оруулж байна.
Би зөвхөн нүүрс биш авлига, албан тушаалын ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгуулсан, юу ч байхгүй. Шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой. Би нүүрсний хэрэг үнэн шударгаар илрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Нүүрсний хэргийн цаана байгаа эзэн холбогдогчийг тогтоож, хариуцлага тооцох ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн