МИК олон улсын комплаенсийн менежментийн стандартыг нэвтрүүлсэн санхүүгийн салбарын анхдагч боллоо
2023-06-08

Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулах үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Монголын ипотекийн корпораци нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ. Ингэснээр Комплаенсийн менежментийн олон улсын стандартын тогтолцоог хэрэгжүүлсэн санхүүгийн салбарын хамгийн анхны байгууллага болж байна.

 

Тодруулбал, өчигдөр буюу 2023.06.07-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд олон улсын ISO стандартын гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээ болж, 3 жилийн хугацаатай тус стандартын баталгаажуулалтын гэрчилгээг элчин сайд М.П.Сингх, “МонСертф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Билгүүн нар гардуулж, Монголын ипотекийн корпорацийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг гэрчилгээг хүлээн авлаа.

 

Комплаенсийн тухай ойлголт нь харьцангуй шинэлэг ойлголт боловч Монголын ипотекийн корпорацийн хувьд 2017 онд Комплаенсийн нэгжийг байгуулж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, ФАТФ-ийн зөвлөмж, Монгол Улсын хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагуудын дүрэм журам, олон улсын гэрээ, эрх зүйн актаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллахаас гадна, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах, байгаль орчны чиглэлд олон ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн. 

 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 37301:2021 стандартыг нэвтрүүлснээр дээрх хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжүүлэх менежментийн тогтолцоо олон улсын стандартын түвшинд бүрдэхээс гадна компанийн дотоод үйл ажиллагаанд комплаенсийн соёлыг төлөвшүүлэх, комплаенсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод байдлыг дэмжин, гадаад дотоод харилцагч болон сонирхогч талууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах мөн үйл ажиллагааны үр ашигт байдал, цар хүрээгээ тэлэх чухал алхам болж байна гэж мэдээллээ.

 

Монголын ипотекийн корпораци нь үүсгэн байгуулагдсан цагаасаа олон улсын стандарт, сайн туршлагыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2017 онд Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч байгууллага болж байсан бол 2022 онд Эрсдэлийн удирдлагын ISO 31000:2018 олон улсын стандартыг мөн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин