Нэр бүхий шүүх бүрэлдэхүүнээс “шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу ташаа байдлаар тайлбарлан түгээж, нууцын зэрэглэлтэй хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын нэрийг нийтэд зарлаж, шүүх бүрэлдэхүүнийг зүй бус үг хэллэгээр доромжлох зэргээр нөлөөлөхөөр оролдсон” гэх үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
Өмгөөлөгч нарын дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэднийг тус бүр нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Харин өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.