Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод өнгөрсөн сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.
Уг хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцсон.
Тэгвэл Монголбанкны энэхүү үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийнхээ гадаад томилолтод зориулж 75 сая төгрөгийг шилжүүлсэн байна. ФАТФ-ын уулзалтад оролцсон албан томилолтын зардал нэртэйгээр хийгдсэн НАЙМАН гүйлгээ нь бүгд Аэр Маркет компанийн данс руу өөр өөр дүнгээр буюу 6-13 сая төгрөгийн дүнгээр шилжүүлэгдсэн байна. Мөн ажлын хэсгийг ахалсан Дэд сайдынхаа зардалд Хууль зүй дотоод хэргийн яам 40 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн бол Улсын ерөнхий прокурорын газар Канад улсын сургалтын зардал утгатайгаар 11 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Харин Санхүүгийн зохицуулах хороо болон Татварын Ерөнхий газар одоогоор өнгөрсөн сарын мэдээллээ Шилэн дансандаа оруулаагүй байна.
П.ГОО